Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх ажлын явцтай танилцаж буй. Нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 113 км замын ажил дуусч, зорчих боломжтой болсныг албаны хүмүүс мэдээлэв. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрчээ.
Монгол Улсын зөвлөх инженер C.ОЧИРБАТ:
-Өнөөдрийн байдлаар замын гол бүтээн байгуулалтын ажлууд дуусч, замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт таван багц ажил хэвийн үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкнаас хоёр, дөрөвдүгээр багцыг цуцалсныг та бүхэн мэднэ. Тус банкны санхүүжилтээр эхлүүлсэн нэгдүгээр багцын замын ажил дууссан. Хоёрдугаар шатны ажил гүйцэтгэгчгүй. Дараагийн компаниуд шалгарч чадаагүй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тендер зарлаж, саналаа Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн. Банк саналыг хүлээн авсан ч эцсийн хариу өгөхгүй байна.
Ер нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй таван гүйцэтгэгч бүгд Хятадын компани байсан. Гэхдээ өнгөрсөн жил 1200 хүн ажиллуулахаар төлөвлөж байв. Энэ жил бас 1000 гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд оролцох байсан ч цар тахлын улмаас чадаагүй. Иймд гүйцэтгэгчээр нь монгол компани ажиллуулах санал гаргасан. Энэ дагуу Дарханы зам дээр монголчууд ажиллаж байна. Цөөхөн л хятад ажилчид бий. Замын бүтээн байгуулалт цар тахлын хүндхэн нөхцөлд үргэлжилж байна. Гэхдээ замын ажлыг 2022 оны арванхоёрдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн.
Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хоёрхон жилийн дотор барьж, 2020 онд дуусгахаар төлөвлөсөн ч гурав дахь жилтэйгээ золгож байгаа юм. Замын ажил хойшлоход гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын компани гэрээгээ цуцалсан бөгөөд цар тахал нөлөөлжээ.