Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ковид-19-н үед эрүүл мэндийн байгууллагууд нөөц орууд бэлтгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлуудаа сүүлийн гурван сар хангасан билээ. Энэ хүрээнд шинээр ашиглалтад орж буй ‘Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II’ эмнэлгийг Ковидын үед тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон.
Тиймээс шаардлагатай засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хуваарийн дагуу ажлууд жигдэрлээ. Эрүүл мэндийн сайдын үүрэг болгосны дагуу өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт энгийн 450, эрчимт эмчилгээний 50, нийт 500 орыг бэлтгэж, агааржуулалтын систем болон гал тогооны засварыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгах үүрэг өглөө.
Өнгөрсөн хугацаанд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ГССҮТ, УНТЭ-үүдэд, аймгуудаас Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Ховдын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд тус тус барьж, ашиглалтад оруулаад байна. Удахгүй ХӨСҮТ болон үлдсэн аймгуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр барих ажил хийгдэж дуусна. Ковидын эмчилгээний үед эмнэлгүүд хүчилтөрөгчөөр бүрэн хангагдаж, өндөр зардалтай баллоноор татан авалт хийдэг байсан асуудал нь шийдэгдэж байгаа юм.