Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан өнөөдөр 11.00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өчигдөр, уржигдар хоёр өдөр бүртгэсэн. Улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Улс, аймгийн цолтой олон бөх барилдахаар бүртгүүлсэн учраас энэ сарын 14-нд бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд багтаж барилдах боломжгүй болжээ. Тиймээс эдгээр бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбооны санхүүгээс мандатын төлбөрөө буцааж авахыг анхаарууллаа.
Мөн Багануур дүүрэг, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй учраас хуучин цол эрэмбээрээ барилдах юм байна.
Барилдааныг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж, бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцаж байгаа юм.
Энэхүү барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтлах юм байна. Мөн шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авах юм.