Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны 07 дугаар сард Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр тус байгууллагын албан хаагчдын санаачилснаар Монгол Улсын архивын салбарын түүхэн уламжлалыг хадгалах, архивын салбарын албан хаагчдын гавьяаг алдаршуулах, архивын байгууллагын байршлыг олон нийтэд таниулах зорилгоор Архивын ерөнхий газрын цогцолбор барилга орчмын төв замыг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэх хүсэлт тавьсныг дэмжиж, холбогдох зардлыг шийдвэрлэж, Нийслэлийн удирдлагуудад уламжилсан болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь гудамж нэршүүлэх асуудлыг Хот байгуулалт хөгжлийн газрын дэргэдэх “Гудамж, талбайн нэрийн асуудал эрхэлсэн комисс”-ын хурлаар хэлэлцүүлсэн. Ийнхүү Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн энэ сарын 17-ны 98 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Жаргалантын ам руу эргэх авто замын уулзвар хүртэлх 3341 м гудамжийг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэхээр шийдвэрлэлээ.