Мягмар гарагт коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрсэн тухай Япон улсын засгийн газар мэдээлжээ.
Тус улсад Африк тивийн Намиби улсаас ирсэн 30 гаруй насны эрэгтэйгээс халдвар илэрсэн юм байна. Өвчтөнийг тусгаарлан эмчилж, ойрын хавьтлуудыг нь бүрэн тодорхойлсон тухай Японы засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Хироказу Мацуно хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Өвчтөн ямар улсын иргэн, ямар үндэстэн болохыг нууцалсан байна.
Тус улс өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар хилээ гадаадын иргэдэд хаахаар болсон юм. Ингэснээр Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд хамгийн эрс хатуу арга хэмжээ авсан орнуудын нэг Япон болжээ.
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн шинэ хувилбар Ази, Номхон далайн бүсийн орнуудад тарж эхлээд байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Австрали улс руу нисэх замдаа Сингапурын Чанги олон улсын нисэх буудлаар дамжин өнгөрсөн хоёр зорчигч коронавирусийн шинэ хувилбараар өвчилсөн байсныг Сингапурын эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ. Зорчигчид Өмнөд Африкийн Йоханнесбург хотоос нисэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарч байсан ч Сингапур Айрлайнзын нисэх онгоцоор Австралийн Сидней хотод хүрээд газардсаны дараа шинжилгээний хариу нь эерэг гарсан гэнэ. Тэдгээр зорчигчидтой ойрын хавьтал болсон нисэх буудлын ажилтнуудыг мөрдөж илрүүлэх, тусгаарлах арга хэмжээг авч эхэлснээ Сингапурын засгийн газар мэдээлсэн байна.
Мөн Сидней чиглэлд ниссэн онгоцны багийн гишүүдийг тусгаарлажээ.
Хил хаахаас өмнө Австралид ирсэн нэг зорчигчоос Омикрон хувилбарын вирус илэрсэн байж болзошгүйг тус улсын Нью Соут Уэльс мужийн эрх баригчид өчигдөр мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Сидней хотод ирсэн уг зорчигч халдвартайгаа мэдэлгүй олон нийтийн газраар явсан нь тодорхой болжээ. Түүнтэй хамт онгоцоор ирсэн бүх зорчигчдод өөрийгөө 14 хоног тусгаарлахыг анхааруулж, ойрын хавьтлуудыг нь тодруулж эхэлсэн байна.
Одоогоор Австрали улсад Омикрон хувилбараар халдвар авсан нийт зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Илэрсэн бүх тохиолдлууд шинж тэмдэггүй, эсвэл маш сул шинж тэмдэгтэй байгааг албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press