Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор бензин, дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг хориглох төлөвлөгөөгөө Хайнань арлын захиргаа өчигдөр зарлажээ.
Өмнөд Хятадын тэнгист орших тус арал ийм арга хэмжээ авсан Хятадын анхны бүс нутаг болж байна.
Хайнань арлын засаг захиргааны танилцуулсан “Хүлэмжийн хийг хязгаарлах төлөвлөгөө” баримт бичигт уламжлалт бензин, дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг 2030 оноос эхлэн хориглох, цахилгаан автомашиныг татвараас чөлөөлөх, цэнэглэх станцын дэд бүтцийг өргөжүүлэх дэд төлөвлөгөөнүүд тусгагджээ.
Хятадын аж үйлдвэрийн сайд 2017 оны есдүгээр сард хэлэхдээ тус улс үндэсний хэмжээнд ийм хориг тавих талаар төлөвлөж байгааг анх удаа мэдэгдсэн ч тодорхой хугацаа хэлээгүй юм.
Хайнань арлын нийт автомашинуудын 45 хувийг 2030 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй болгохоор төлөвлөжээ.
Хятад улс автомашины дэлхийн хамгийн том зах зээл юм. Өнгөрсөн онд дэлхий даяар зарагдсан нийт автомашины талаас илүү хэсэг нь Хятадад оногдож байна.
Эх сурвалж: Associated Press