Европын хэд хэдэн оронд Украинаас хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг эсэргүүцсэн фермерүүдийн жагсаал үргэлжилж байгаа энэ үед Польшийн засгийн газар Украины оронд Оросоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хориглох асуудлыг авч үзэхээр шийджээ.
Ройтерс, Блүүмберг зэрэг агентлагуудын мэдээлснээр, Польшийн ерөнхий сайд Дональд Туск орон нутгийн цагаар 29-ний өдөр Варшавт айлчилсан Латвийн ерөнхий сайд Эвика Силинжатай хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв.
Ерөнхий сайд Туск хэлэхдээ, “Бид Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хориглох шийдвэр гаргасан Латви улсын хувилбарыг сайтар судалж үзэж байгаа бөгөөд Польш улс ч үүн шиг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Латвийн парламент өнгөрөгч 22-ны өдөр ОХУ экспортоос олсон мөнгөө дайнд зарцуулахаас сэргийлэх зорилгоор Орос, Беларусь улсад үйлдвэрлэсэн газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталсан юм.
Эх сурвалж: YTN