Завхан аймгийн Цэцэн-Уул сумын байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээг авчээ.
Цэцэн-Уул сумын Өлзийтийн хондлой, Бумбаны бөөрөг зэрэг газарт хоёр цэгт байгаа буга, бор гөрөөсөнд зориулж өвс, хужир тавьж өгсөн байна.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Цэцэн-Уул сум эрсдэл их гарсан бөгөөд цас ихтэй, өдөртөө хөрсөн дээрээ -25-30°С хүйтэн байна. Шөнөдөө -40°С хүртэл хүйтэн хонож байна.
Тиймээс байгаль цаг уурын хүндрэл тохиож буй энэ үед зэрлэг амьтдад авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу биотехникийн арга хэмжээг хэрэгжүүллээ.
Бор гөрөөс нь гэрийн мал ордоггүй соргог бэлчээрийг илүүтэй сонгон байрладаг ба өвөл , зун ашигладаг бэлчээрийг төдийлөн сонгодоггүй онцлогтой.
Өвлийн бэлчээрийн хувьд гэрийн малын бэлчээртэй нийт бэлчээр нутгийн 60 орчим хувь нь давхацдаг нь судалгаагаар ажиглагдсан. Сүүлийн жилүүдэд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч бод мал отроор өвөлжиж байгаа нь бэлчээрийн давхцлыг үүсгэж байна. Цаашид өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед зэрлэг амьтдад үзүүлэх биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн явуулна гэж Цэцэн-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.