УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан коронавирусийн эсрэг вакцинд хэдэн төгрөг төсөвлөсөн талаар асуув.
Энэ асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өглөө.
Тэрбээр ‘Бид вакцинд зориулан 50.6 сая ам.долларын зээл хүссэн. Арваннэгдүгээр сарын 16-н буюу гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт монголчуудынхаа 60 хувьд вакцин хийлгэнэ гэж тооцон захиалга өгсөн. Ингэхдээ ДЭМБ-аас баталсан вакциныг хийлгэнэ гэсэн байр суурьтай байгаа. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөс энэ зээлийг баталсны дараа УИХ-д оруулж ирж хэлэлцүүлнэ’ гэв.