Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.1 (29.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд валютын хадгаламж 0.2 (5.8 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 4.1 (38.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) энэ оны 5 дугаар сарын эцэст 5.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 455.1 (8.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2 (55.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 4.7 (83.1 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, нэг (16.9 хувь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж. Бараг мөнгө 2021 оны 5 дугаар сарын эцэст 21.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 481.3 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 (23.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 14.8 (70.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.2 (20 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.1 (9.8 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байв. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2021 оны 5 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 165.5 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 275.5 (28.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламж энэ оны 5 дугаар сарын эцэст 14.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 8.8 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 (38.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Төгрөгийн хадгаламжийн 90.3 хувь (13.4 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.7 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 4.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 287.9 (6.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 232.2 (5.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.