Нийслэл хотод байрлалтай Петровис ХХК-ийн зарим шатахуун түгээх станц ажиллахгүй 2-3 хонож байгаа. Мөн зарим шатахуун түгээх станд АИ-92 безин зарахгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд гараад буй.
Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад “Петровис ХХК-аас нийслэлийн хэмжээнд гурван шатахуун түгээх станцыг түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн.
Шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байгаа бөгөөд ААН-үүд долоо хоног бүрийн Мягмар гарагт нөөц болон импортын мэдээгээ нэгтгэж өгдөг. Маргааш гэхэд нөөцийн мэдээ шинэчлэгдэж гарна” хэмээн хариуллаа.
Түүнчлэн Петровис ХХК-ийн Шуурхай мэдээллийн төвийн 11-330505 дугаарт холбогдон лавлахад “Өнөөдрийн байдлаар 100 айл, Улиастай, Дарь-Эхийн салбаруудыг түр хааж засвар хийж байна. Станцуудыг ээлжлэн түр хааж, засвар болон шатахууны савыг цэвэрлэх ажлыг хийж байгаа.
Шатахуун худалдахад ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй” гэх тайлбарыг өгөв.