Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр буюу Даваа гарагт амьтны эрхийг хамгаалах асуудлаар засгийн газрын хуралдаанд оролцсоныхоо дараа нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг хориглох цаг болсон тухай ярьсныг албаны эх сурвалж мэдээлжээ.
Хэдийгээр өмнөх шигээ түгээмэл байхаа больсон ч тус улсын ахмад настнууд дунд нохойн махыг хүнсэнд хэрэглэх уламжлал хадгалагдаж, нохойн мах зардаг зах, нохойн махаар үйлчилдэг ресторан цөөн тоотой үлдсэн байдаг.
“Уулзалтын дараа ерөнхийлөгч нохойн махны хэрэглээг хориглох талаар бодох цаг нь болсон гэж хэллээ” хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Пак Кюн Ми мэдэгджээ.
Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин анх удаа нохойн махны хоригийн талаар байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртож байгаа энэ үед олон нэр дэвшигч нохойн махны хэрэглээг хориглох амлалт өгч байгаа.
Тухайлбал Мүүн Жэ Иний намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа Өмнөд Солонгосын хамгийн олон хүн амтай муж Гёнгигийн захирагч Ли Жэ Мюн нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр нохойн махны хэрэглээг хориглох ёстой гэж үзэж байна.
Сүүлийн үед солонгосчуудын дунд гэртээ нохой тэжээх явдал нэмэгдэхийн хэрээр нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай асуудал урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд хурцаар яригддаг болсон.
Амьтны эрхийг хамгаалах Aware байгууллагын саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 78 хувь нь нохой, муурны мах бэлтгэх, худалдаалах явдлыг хориглох ёстой гэж хариулсан бол 49 хувь нь хүнсэнд хэрэглэхийг бүрмөсөн хориглохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ ажлын байр, орлогоо алдах эрсдэлтэй тулгараад байгаа нохойн махны бизнес эрхлэгчид хоригийг эсэргүүцсээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters