Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ.
Мөн Дулааны техник технологийн хүрээлэнг сэргээж, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Ой мод, сургалт судалгааны хүрээлэнг шинээр байгуулахаар болжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ уг шийдвэрийг танилцуулсан юм.
Тэрбээр, “Шинжлэх ухааны салбар ойлгомжгүй тогтолцоотой явж ирсэн. Зарим шинжлэх ухааны хүрээлэн нь БШУЯ-нд, зарим нь их, дээд сургуулийн харьяанд байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сан 4000 орчим судалгааг 150 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Гэвч энэ өндөр өртгөөр хийсэн эдгээр судалгааны үр дүн нь хангалттай биш байгаа. Тиймээс энэ сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгоно. Ер нь бол бүх судалгаанд 20 сая төгрөгийн санхүүжилт олгодог. Энэ хэмжээний мөнгөөр хийж байгаа судалгаа үр дүнд хүрэхгүй. Монгол Улсад 300 гаруй лаборатори бий. Харамсалтай нь 70-80 хувь тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүйгээс үүдэн орчин цагийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг хийж чадахааргүй байна. 5 сая ам.доллароор байгуулсан лаборатори ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тохиолдол ч байна. Тиймээс цаашид салбар дундын лабораториудыг хөгжүүлж, боловсон хүчин, урсгал зардлыг шийдвэрлэх шаардлага бий” гэлээ.
Төрөөс судалгаа, шинжилгээнд жилд 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэхдээ тендер зарлаж санхүүжилт өгдөг тул хүрээлэнгүүдэд санхүүжилтийг шууд авч чаддаггүй аж. Тиймээс төрөөс судалгаа, шинжилгээний ажлыг нэн тэргүүнд хүрээлэнгүүдээрээ хийлгэдэг болох тогтолцоонд шилжих бөгөөд залуу эрдэмтдийг тэтгэлгээр дэмжих, Боловсролын зээлийн сангаас магистр, доктрантын тэтгэлэг олгодог болохоор өөрчлөлт хийж байгааг БШУ-ны сайд онцолсон юм.