Есдүгээр сарын 17-нд цацагдаж эхэлсэн Өмнөд Солонгосын “Squid game” цуврал дэлхийн орон орны үзэгчдийг байлдан дагуулж, Нэтфлискийн шилдэг шоуны дээд амжилтыг эвдээд байгаа.
Тэгвэл энэхүү цувралын хувцас, өмсгөл удахгүй болох “Halloween” буюу Сүнсний баярын гол трэнд болох гэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал Amazon.com сайтад “Squid game costume” түлхүүр үгээр хайхад 2,000 гаруй бараа илэрч байгааг The Wall Street Journal сэтгүүл мэдээлсэн байна.
Google-ийн хайлтын системд бас ийм түлхүүр үг өндөр эрэлттэй байгааг мэдээлжээ.
Хэдийгээр сүнсний баяр болоход олон хоног дутуу байгаа ч Инстаграм хэрэглэгчид #SquidGameCostume хаштагаар өөр өөрийн бэлдсэн хувцас, өмсгөлөө үзүүлж эхэлсэн байна.
“Squid Game” цувралд гардаг хамгаалагчдын хар багийг хэрхэн хийх аргыг заасан YouTube видео олон мянган хандалттай болжээ.
Яг ийм багийг Amazon сайтад $20-оор зарж эхэлсэн байна. Мөн цувралын гол дүрүүдийн дугаартай бэлтгэлийн хувцас $30 орчим үнээр зарагдаж эхэлжээ.
Хонг Конгийн South China Morning Post сонинд мэдээлснээр Хятадын үйлдвэрлэгчид сүүлийн үед “Squid Game” цувралын хувцас хэрэгслийн захиалгад дарагдах болсон байна.
Захиалга дэлхийн олон улсаас ирж байгаагаас гадна Хятадын дотоод зах зээлээс ч ирэх болжээ. Хэдийгээр Нэтфликс платформ тус улсын зах зээлд хаалттай, цувралыг албан ёсоор үзүүлээгүй байгаа ч эрэлт өндөр байгаа нь сонирхол татаж байна.
Өчигдөр Америкийн телевизийн од Жимми Фэллоны хөтөлдөг NBC сувгийн “Tonight Show” шоунд “Squid Game” цувралын гол дүрийн жүжигчид зайнаас оролцож, хүүхдийн түгээмэл тоглоомуудаар хоорондоо өрсөлджээ.