Энэ долоо хоногийн сүүлээр “Союз МС-18′ сансрын капсуль дэлхийд газардах аж. Тус капсульд сансарт зураг авсан хамгийн анхны кино багийн хоёр гишүүн сууж ирэх юм байна. Тодруулбал, энэ сарын 17-нд ахмад нисэгч Олег Новицкий Олон улсын сансрын станцаас кино найруулагч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересилд нарыг дэлхийд авчрахаар төлөвлөжээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт сансарт хөөрч, кино зураг авахаар сансарт ниссэн дэлхийн анхны кино баг болсон билээ. Тэдний сансарт зураг авсан анхны киноны нэр “The Challenge” бөгөөд ОХУ-ын телевизийн нэгдүгээр суваг, сансар судлалын ‘Роскосмос’ агентлагийн дэмжлэгээр бүтжээ.
Жүжигчин Пересилдийн бүтээсэн гол дүр зүрхний мэс засалч агаад Олон улсын сансрын станцад ажиллаж буй сансрын нисэгчид шаардлагатай мэс засал хийхээр дэлхийгээс хөөрж буй адал явдал кинон дээр гарах аж. Киноны нийт 35-40 минутын үзэгдлийн зургийг авахын тулд тэрбээр найруулагч Шипенкотой хамт сансарт 12 хоногийг өнгөрөөжээ.