Сайжруулсан шахмал түлш савладаг уут хил гаалиас хамааралтайгаар саатаж, иргэдэд хүндрэл үүсээд байсан. Тиймээс холбогдох газраас зохион байгуулалт хийж шуудайг яаралтай татан авахаар болсон билээ. Гэтэл галлагааны улиралд модны үнэ өссөн байна. Тодруулбал, модны шуудайны үнэ 350 төгрөгөөс 1000 төгрөг болж нэмэгджээ. Ингэснээр түлшний мод 5500-7500 төгрөг болж өссөн байна. Иргэд сайжруулсан шахмал түлш өрхийн долоо хоногийн хэрэгцээнд хангалтгүй олгож байхад модны үнэ өссөнд дургүйцэж байгаагаа илэрхийлж байгаа юм.
Хил гаалиар барааны татан авалт хийх боломжгүй нөхцөлд хүрснээс гадна модны татан авалт буурсан учир тээврийн зардал нэмэгдэж ийнхүү шуудай модны бөөний үнэ 4000-5500 төгрөг болж нэмэгдсэн аж.
Мод бэлтгэх зөвшөөрөл хомс олддог, ажиллах хүч бага зэргээс гадна тээвэрлэлтийн зардлаар өнгөрсөн жилээс хэд дахин нэмэгдсэн учир шуудай модны үнийг нэмэхээс аргагүй байгааг худалдаачид хэлж байна. Гэсэн ч цар тахлын тархалт буурч хэвийн нөхцөлд хүрвэл өнөөдөр өссөн бараа, бүтээгдэхүүний үнэ буурах эсэх нь эргэлзээтэй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлттэй зэрэгцээд өрхийн хэрэгцээний бүхий л зүйлсийн үнэ нэмэгдэж байгааг шуудай модны үнэтэй жишиж болно.
Шахмал түлшний 25 килограммын шуудай Хятадын хил дээр гацсанаас болж 100 килограммаар савлахаас өөр сонголтгүй болсон талаар хэдхэн хоногийн өмнө мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү шуудайны нөөц хомсдсоноос болж модны үнэ хүртэл нэмэгдсэн байгаа юм. Ингэснээр иргэд болон худалдаачдад бухимдал, хүндрэл учирч байна.