Гэр хороололд сайжруулсан шахмал түлш хүрэлцээгүй байгаа талаар иргэд мэдээлж буй. Албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар барьцалдуулагч бодисын долоо, шуудайны 14 хоногийн нөөцтэй байгаа гэв. Мөн аж ахуй нэгж, иргэдийн ашигласан түлшний шуудайг худалдан авахаар болжээ.
Энэ талаар “Таван толгой түлш” компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэлээс тодрууллаа. Тэрбээр “Бид эхний ээлжид хоёр сая ширхэг түлшний шуудай аж ахуй нэгж, иргэдээс худалдан авах зар байршуулсан. Манай компани түлшний шинэ шуудайг 600 төгрөгөөр худалдан авдаг. Хуучин шуудайг арай бага үнээр худалдан авах байх. Одоогийн байдлаар нэг ч иргэн, аж ахуй нэгжээс худалдаж аваагүй. Цаашдаа түлшний шуудай худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс иргэд түлшний шуудайгаа задлахдаа хөврүүлж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол шуудайг дахин ашиглах боломжгүй болно. Монгол Улсад шуудай хэрж, оёдог нэг машин байдаг юм билээ. Тус компаниас үнийн саналыг авч байгаа” гэв.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр “Сайжруулсан шахмал түлшийг хоёр үйлдвэрт хэвийн үйлдвэрлэж байна. Зарим хүндрэлтэй асуудал гарч буй. Хил хаагдсантай холбоотойгоор түлш үйлдвэрлэхэд гадаадаас импортоор худалдан авдаг барьцалдуулагч бодисын нөөцийн хэмжээ буурч байна. Өнөөдрийн байдлаар барьцалдуулагч бодисын долоо, шуудайны 14 хоногийн нөөцтэй байгаа. Сайжруулсан шахмал түлшний шуудайн дээр тендер зарладаг. Харамсалтай нь дотоодын үйлдвэрлэгчид цөөн орж байна.
Жишээлбэл, шуудай үйлдвэрлэх тендер ч нэг ч дотоодын компани ороогүй бол барьцалдуулагч бодис дээр таван компани шалгарч, хоёр нь гэрээ байгуулсан. Хоёр нь үйлдвэрлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Энэ шалтгаанаа барьцалдуулагч хийдэг цардуулыг импортоор авдаг учраас тасарсан гэдэг тайлбарыг өгч буй. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчдийн дийлэнх нь уул уурхайд зориулсан том шуудай үйлдвэрлэж байна. Жижиг түлшний шуудай үйлдвэрлэвэл худалдаж авахад бэлэн байна. Сүүлийн үед бид ашигласан шуудайг худалдан авч байгаа” гэв.