Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний “дельта”, “омикрон” хувилбарууд халдварын “цунамийн” аюул нүүрлүүлж байгаа талаар анхаарууллаа.
Тухайлбал, Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 208 мянган тохиолдол илэрснээр Европын орнуудын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийг хоёр дахь өдрөө дараалан шинэчилжээ.
Мөн АНУ-д сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 265 427 тохиолдол илэрсэн нь урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харуулж байна.
Түүгээр ч зогсохгүй Дани, Португал, Их Британи, Австралид мөн өдөрт хамгийн олон хүнээс коронавирусний халдвар илрээд байна. Түүнчлэн Польшт лхагва гарагт халдварын улмаас 794 хүн нас барсан нь халдварын дөрөв дэх давлагааны үеийнхээс нь өндөр байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн дөрөвний гурав гаруй нь вакцинд хамрагдаагүй байжээ.
Дэлхийн олон оронд давамгайлан тархах болоод буй “омикрон” хувилбар нь “дельта”-гаас хөнгөн өвчлүүлдэг боловч илүү хурдан халдварладаг. Иймд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж буйг үүнтэй холбон тайлбарлаж байна. Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран “омикрон”-ы тархалтыг зүгээр ч нэг давлагаа бус “асар хүчтэй давлагаа”-тай зүйрлэжээ.
Харин Т.Гербейесусын хувьд халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгаагийн шалтгааныг хоёр хувилбар нэгэн зэрэг тархаж буйтай холбоотой гэж үзжээ. Түүний хэлснээр, ийм нөхцөл байдал нь эцэн туйлдаж буй эмнэлгийн ажилтнуудад ирэх ачааллыг улам нэмэгдүүлж, эрүүл мэндийн тогтолцоонд аюул учруулж байна.
“Reuters” агентлагийн мэдээллээр, дэлхийн хэмжээнд өдөрт халдварын 900 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна. АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучийн ярьснаар, АНУ-ын хүн ам, вакцинжуулалтын түвшнийг харгалзан үзвэл “омикрон”-ы тархалтын оргил үе нэгдүгээр сарын эцсээр тохиох төлөвтэй байна.
Коронавирусний шинэ хувилбар тархаж байгаатай холбогдуулан чинээлэг орнууд “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг тарих хөтөлбөрийг эхлүүлээд байгаа бөгөөд Их Британийн хувьд 12-оос дээш насны хүн амынх нь 57 хувь нь гурван тунд хамрагдаад байгаа юм.
Гэвч Т.Гербейесус хөрөнгөтэй орнуудын олон нийтийг хамарсан нэмэлт тунгийн дархлаажуулалтын хөтөлбөр цар тахлыг улам сунжруулах төлөвтэй байгааг анхааруулжээ. Учир нь үүнд ядуу буурай, хүн амаа вакцинд сайн хамруулж чадаагүй байгаа орнуудад хуваарилагдах байсан вакцины нөөцийг ашиглах бөгөөд ийм байдал нь вирусийг тархах, улмаар олон дахин мутацид ороход хүргэнэ.
Мягмар гарагт ДЭМБ-аас танилцуулсан тайланд дурдсанаар, 12 дугаар сарын 26 хүртэлх долоо хоногт Европт бүх хувилбараар халдварласан шинэ тохиолдлын тоо 57 хувиар, Америкт 30 хувиар өсжээ. Цаашид халдварын үзүүлэлтүүд улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.
Тодруулбал, Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 208 мянган тохиолдол илэрч, 53 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, 184 хүн нас барсан бол Их Британид мөн хугацаанд 183 037 хүнээс халдвар илэрч, 57 хүн нас барсан байна. Италид мягмар гарагт халдварын 78313 тохиолдол, лхагва гарагт 98020 тохиолдол илэрчээ.
Мөн Данид өдөрт хамгийн олон буюу 23228 тохиолдол шинээр илэрсний 1205 нь урьд нь коронавирусээр халдварлаж байсан хүмүүс байжээ. Португалд 26867 тохиолдол илэрсэн нь өмнөх өдрийнхөөс 9000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт болов. Австралид сүүлийн 24 цагт 18241 хүнээс халдвөр илэрсэн нь өмнөх өдөр бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийг /11300/ давжээ.