Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс омикрон хувилбарын тархалтын талаар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.01.19/ мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
-Цагаан сарын үеэр хөл хөдөлгөөнийг хязгаарлавал халдварын тархалт ямар байх талаар тооцоо судалгааг хийж байгаа. Хэрэв хөл хөдөлгөөнийг 50 хувь бууруулбал халдварын тархалт хоёр дахин буурна.
Одоогийн тооцооллоор ирэх сард халдварын хоногт батлагдах тохиолдол 50-60 мянга болж өсөх эрсдэл ажиглагдаж байна. Үүнээс хамаараад орны нөөцийн асуудал үүсч байгаа учраас аль болох халдвар хамгаалалтын дэглэм сахиж тодорхой хязгаарлалт хийх саналуудыг гаргасан.
Тухайлбал, УОК-ын эрдэмтдийн зөвлөл болон ЭМЯ-наас тодорхой саналуудыг тавьсан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санал гаргасан. ХӨСҮТ-ийн зүгээс боловсролын байгууллагад сурагчдыг цахимаар хичээллүүлэх санал өгсөн. Мэдээж хичээлийн хоцрогдол байгаа ч омикрон хувилбарын үед цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагааг оруулах нь зүйтэй гэж харж байна. Цахимаар оруулах боломжгүй тохиолдол хамгийн сүүлийн сонголт бол боловсролын байгууллагын сургалтыг 7-14 хоногоор хойшлуулах юм.
Хүүхдийн өвчлөл мөн сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 0-11 насны хүүхэд буюу дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд нийт өвдсөн хүүхдүүдийн 70 орчим хувийг эзэлж байна. Хүүхдийг дархлаажуулах ажил судалгааны шатанд явж байгаа. Хүүхдийн нэмэлт тун ч мөн ялгаагүй.
Омикрон хувилбартай холбоотой эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байна. Салбар хоорондын эрсдэлийн үнэлгээг хийж байгаа. Энд зөвхөн эрүүл мэндийн салбар харьяалагдахгүй. Улс орны хэмжээнд байгаа бүхий л байгууллагуудын дунд энэ судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр омикрон хувилбар маш өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс халдварын тархалтыг хумих хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ чухал байна. ХӨСҮТ оргил ачааллын үеэр 400-460 ор дэлгэж ажилладаг. Халдварт өвчин судлалын үндэсний төв аль хэдийн өндөр ачаалал аваад эхэлсэн. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, гурав, дөрөвдүгээр тунд хамрагдахыг хүсч байна.