Монголын үндэсний спортын хорооноос /МҮСХ/ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулган зохион байгуулах талаар мэдээллийг танилцууллаа.
Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Энэ сарын 28-ны Даваа гарагт төрийн ордонд үндэсний спортын анхдугаар чуулган болно. Үүнтэй холбоотойгоор чуулганд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь 800 хүнтэй хуралдах юм. Чуулганаар, Монголын үндэсний спортын холбооны тус бүрийн чиг хандлага цаашдын зорилго, зорилт болон хөтөлбөрийг хэлэлцэнэ” хэмээн ярилаа.
Ирэх долоо хоногт болох үндэсний спортын анхдугаар Их чуулгантай холбоотойгоор МҮСХ-ноос мэдээлэхдээ “Монгол наадам, монгол адуугаа авч үлдэх нь эх хэлээ авч үлдэхтэй утга адил хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ ард иргэддээ уриалж хэлж байсан.
Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюуны өв соёл бол монгол наадам мөн. Энэ өв соёлыг бүтээгч Монголын үндэсний сурын харваачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо нэгдэж ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Улмаар нийт спортын холбоод маань нэгдэж үндэснийхээ спортын хороог байгуулсан байдаг.
МҮСХ байгуулагдсанаар өв соёлоо хамгаалж авч үлдэх, монголчууд дэлхийд өв соёлоороо ялгарах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч харж, өөрийн санаачилгаар Монголын үндэсний спортын анхдугаар чуулганыг анх удаагаа хийх гэж байна. Энэхүү чуулган маань орон даяар амжилттай сайхан болно гэдэгт найдаж байна” гэв.