УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Бэлэн мөнгө тараах биш ажлын байр нэмэгдүүлэх боломж олгодог төсөл хөтөлбөрийг бүлгийн гишүүд дэмжиж байгаа. Хэмнэлтийн бодлогын хувьд нэг л зүйлийг хэлж байгаа. Гол хэмнэлтийг төрийн өмчийн компаниудаас эхлэх хэрэгтэй. Тухайн компаниуд жилд 100 тэрбум төгрөг хүрэхгүй орлого оруулж байгаа.
Шаардлагагүй төрийн өмчөөс татгалзаж, хувийн хэвшилд боломж олгомоор байна. Хямралаас гарахын тулд эдийн засгаа либералчлах нь зөв. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хүнд үеийг давна. Хүнсний үнэ өсөж байгаа тул хомсдол үүсэх эрсдэлтэй. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд ажиллах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байгаа.
Боомтууд дээр ачаа бараа хилээр гарахгүй байна. Энэ гацааг хоёр хөрштэйгөө ажиллаж, гаргамаар байна” гэв.