Тус аймаг Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг суралцангаа ажиллах, амралтаараа ажиллах тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан залуусыг хамруулахаар болжээ.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсон, нэгдүгээр нарийн бичгийн дарга Спенсер Хэйнс нар тус аймагт айлчилж хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын хүрээнд гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн бизнест дэмжлэг авах. Завхан аймгийн мал аж ахуйг түшиглэн хонины үүлдэр угсааг сайжруулж, малаас гарч байгаа түүхий эд, ноос, ноолуур, арьс, ширийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоход туршлага судалж нэвтрүүлэх. Энэ чиглэлээр байгуулах жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллахаар боллоо. Мөн Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд бий болсон “Сарлаг брэнд”-ийг өргөжүүлэн хөгжүүлж, дэлхийн зах зээлд гаргах. Байгаль орчинд тулгарч буй гамшиг, хүрээлэн буй орчны бохирдлын эрсдэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах зэрэг асуудлуудаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.