Африкийн төв ба баруун бүс нутгаас гаралтай сармагчны цэцэг өвчин хүмүүст халдварласан тохиолдлын тоо нийт 36 улсын хэмжээнд 100-гаас давсан хэдий ч уг өвчний вирус одоогоор мутацид ороогүй байна. Ийм дүгнэлтийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид хийжээ.
Тэдний үзэж байгаагаар, өвчний вирус мутацид орох магадлал харьцангуй бага боловч өвчний дэгдэлтийн шалтгааныг илрүүлж, вирусийн генийн дарааллыг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна. Сармагчны цэцэг өвчний вирус / Monkeypox virus, MPV, MPXV/ урьд нь Европ тивд одоогийнх шиг өргөн тархаж байгаагүй, маш цөөхөн тохиолдол илэрч байжээ.
Monkeypox гэж ямар өвчин бэ?
Сармагчны цэцэг өвчин бол халуун орны ширэнгэн ойд тархдаг, 2 гинжин хэлхээ бүхий ДНХ-тэй зоонозын өвчин юм. Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй уг өвчнөөс үүсэх хүндрэл харьцангуй бага.
Анагаах ухааны туршилтанд оруулж байсан сармагчингуудаас анх 1958 онд уг өвчний вирусийг илрүүлсэн учраас сармагчны гэх нэршил бий болсон аж. Улмаар 1970 онд Конго улсад хүнд халдварласан анхны тохиолдлыг бүртгэсэн байна. Monkeypox вирус хоёр хувилбартай /штамм/ бөгөөд эхнийх нь болох Төв Африкийн штамм нь нэлээд хүндрэл үүсгэдэг, нас баралтын хувь өндөртэй /10,6%/ бол Баруун Африкийн штамм нь хүндрэл ба нас баралтын хувь багатай /3,6%/.
Сармагчны цэцэг өвчний эсрэг вакциныг одоогоор гарган аваагүй байгаа хэдий ч салхин цэцэг өвчний вакциныг хэрэглэх нь 85 хувийн үр дүнтэй болохыг тогтоожээ. Учир нь, уг хоёр өвчний вирусууд хоорондоо төстэй. Ташрамд дурдахад, АНУ, Канад улсад салхин цэцэг өвчний эсрэг “тековиримат” гэдэг эмийг бүртгэн авсан бол Европын Холбоо уг эмийг сармагчны цэцэг өвчний эсрэг хэрэглэхийг зөвшөөрчээ. ОХУ-д ойрын үед НИОХ-14 гэдэг эмийг бүртгэн авахаар төлөвлөж байна.
Сармагчны цэцэг өвчний далд үе нь ихэнхдээ 7-14 хоног үргэлжлэх ба салхин цэцэг өвчинтэй харьцуулахад хүндрэл багатай хэдий ч
–халуурах
–толгой өвдөх
–булчин өвдөх
–тунгалгийн зангилаа томрох
–арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Уг өвчний вирус хоёр замаар халдварладаг:
–Өвчтэй мал амьтны мах болон амьтны гаралтай бусад хүнсний бүтээгдэхүүнийг буруу эсвэл дутуу боловсруулах
–Өвчтэй хүн ба амьтантай хэт ойроос хүрэлцэх үед, халдвартай хүний биологийн шингэнүүд гэмтсэн арьсан дээр дуссан тохиолдолд
Өвчний эхний шинж тэмдгүүд илэрсний дараа тухайн хүний нүүр ба биеийн бусад хэсэг, зарим тохиолдолд бэлэг эрхтэн дээр тууралт бижрүү үүснэ. Энэ нь улмаар гүврүү болох ба үүний дараа цэврүү, дараа нь батга болж хувирсны дараа хатаж унана. Британийн Эрүүл мэндийн албаны мэдээлэлд дурдсанаар, уг өвчин хөнгөн хэлбэрээр илэрдэг ба халдвар авсан ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дараа эрүүл болдог байна.
ДЭМБ-ын яаралтай хуралдаан
300 сая хүний аминд хүрсэн аймшигт салхин цэцэг өвчнөөс хүн төрөлхтөн бүрэн ангижирсан гэдгийг 1980 оны 5 дугаар сард зарласнаар вакцинжуулалтын кампанит ажлыг зогсоожээ. Тэгэхээр 40-өөс доош эсвэл 50-иас доош насны хүмүүс одоо дэгдээд буй сармагчны цэцэг өвчинд нэрвэгдэх магадлал илүү өндөр байж болзошгүй.
Дэлхий даяар салхин цэцэг өвчнийг устгасны дараа ч гэсэн сармагчны цэцэг өвчин Баруун Африкийн орнуудад бүртгэгдсээр байсан юм. Улмаар 2017 онд Нигери улсад уг өвчин хүчтэй тархсаны улмаас 200 орчим хүн халдвар авсан ба тэдний 75 хувь нь 21-40 насны залуу эрчүүд байжээ.
Энэ удаад 7-ны өдөр Нигериэс ирсэн Их Британийн иргэнээс өвчний шинж тэмдгүүд илэрснээс хойш тус улсад 20 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэгэхээр тухайн өвчин нутагшаагүй /эндемик бус/ улс орнуудад халдвар дэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Иймээс ДЭМБ энэ сарын 20-ны өдөр шинжээчдийн яаралтай хуралдааныг зохион байгуулжээ.
Хуралдааны үеэр өвчин тархах зам, ижил хүйстнүүд ба бисексуал хүмүүсийн дунд тархаж буй байдал, вакцины хүрэлцээ зэрэг асуудлыг хэлэлцжээ. Хурлын үеэр вакцины болон вирусийн эсрэг эмийн нөөц хязгаарлагдмал байгааг ДЭМБ-ын төлөөлөгч Ричард Пибоди хүлээн зөвшөөрөөд вирусийн тархалтыг тогтоон барихын тулд хүмүүс цөөхөн хэдэн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэдгийг сануулан зөвлөлөө. Үүнд: аюулгүй бэлгийн харьцаанд орох, ариун цэврийн дэглэмийг сахих, гараа тогтмол угааж байх нь халдвараас хамгаалах хамгийн найдвартай энгийн арга мөн.
Үүний сацуу, халдвар авагсдын багагүй хувь нь ижил хүйстнүүд болон бисексуал хүмүүс байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолжээ. Хэдийгээр уг өвчнийг бэлгийн замын халдвар гэж үздэггүй боловч халдвартай хүнтэй хэт хүрэлцэх, бэлгийн харьцаанд орсноос үүдэн халдвар авах магадлал өндөр. Тэр тусмаа бэлгийн хэд хэдэн хавьтагчтай хүмүүсийн дунд тархах магадлал өндөр гэдгийг Халдварт өвчнөөс сэргийлэх Европын төвийн захирал Андреа Аммон дурдсан байна.
ДЭМБ-ын шинжээчдийн яаралтай хуралдаан
Сармагчны цэцэг өвчний вирус нь нэлээд аюултайд тооцогдох бөгөөд халдвар авсан хүмүүсийн 1 орчим хувь нь нас бардаг. Гэсэн хэдий ч Африк тивээс өөр газар оронд, тухайлбал Европ тивд дэгдээд буй энэ өвчний эсрэг бүх нийтийг хамарсан вакцинжуулалт хийх шаардлагагүй гэж ДЭМБ үзжээ. Мөн өвчний тохиолдлууд илэрсэн улс орнууд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагагүй юм.
Учир нь, нийт хүн амын дотор уг өвчин тархах магадлал маш багаас гадна тархалт удаан явагддаг тул түүнийг хянах нь коронавирустэй харьцуулахад хамаагүй хялбар.
Тэгэхээр мөн хөл хорио тогтоох шаардлагагүй бөгөөд ээлжит цар тахал дэгдэхээс айж сандрах хэрэггүй болой.