Монголын хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг Атлетик 220 клуб ирэх улирал дээд лигт тоглох боломжгүй болсноо мэдэгдлээ. 2016 онд байгуулагдсан тус клуб нь дээд лигт хоёр удаа, лигийн цомд нэг удаа тус тус түрүүлж, Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC CUP” тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөж байсан билээ.
Тус клубийн мэдэгдэлд “Атлетик 220 клуб маань байгуулагдсан цагаасаа хойш нийт зургаан жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгийн хөгжилд шинэ салхи, шинэ өнгө аяс, хэв маягийг нэвтрүүлэлцэж, хүрхрээ нэгдүгээр лигийн аварга, футзалын УАШТ-ий хоёр удаагийн аварга, дээд лигийн хошой аварга болон лигийн цомын аварга гэсэн алдрыг хүртэж Азийн хөлбөмбөгийн холбооны нэр хүндтэй тэмцээн болох “AFC CUP” тэмцээний хэсгийн шатнаас өрсөлдөж, клубийн түвшинд олон улсын анхны гоолоо бүртгүүлж амжсан томоохон амжилтын эзэд болжээ. Монголын хөлбөмбөгийн түүхийн нэгэн том багана болсон энэхүү амжилтыг бүтээхэд манай клубийг чин сэтгэлээсээ дэмжсэн үнэнч фанатууд, спонсорууд, дасгалжуулагчид, тамирчид, эмч нар, арын албаныхан, ах дүү найз нөхөд болон Атлетик 220 хэмээх нэрийн дор бахархалтайгаар алхсан, алхаж буй олон хүний оюун бодол, хөлс хүч, хөдөлмөр шингэсэн юм.
Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн хөгжил сул улсын клубууд гэлтгүй, хөгжлийн түвшин өндөр улсуудын багууд хүртэл санхүүгийн ямар нэгэн асуудалтай тулгарсан нь нууц биш. Дээрх шалтгааны улмаас энэ улирлаас эхлэн Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна.Манай клубийг харамгүй сэтгэлээр дэмжсэн ивээн тэтгэгчид, түншүүд, дусал хөлс бүрээ багийнхаа төлөө зориулсан тамирчид болон үнэнч фанатууддаа баярлалаа. Эцэст нь хэлэхэд энэ төгсгөл биш бөгөөд хэсэг хугацааны дараа бид илүү хүчтэйгээр эргэн ирэх болно” гэжээ.
Тус клубт харьяалагдаж байсан шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ ФС Улаанбаатар руу, дасгалжуулагч Б.Гарьдмагнай, довтлогч Н.Наранболд, хамгаалагч П.Баярцэнгэл гурав Ховд ФС руу тус тус яваад байна.