Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор найман хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангиллан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл дээрх шийдвэр хэр үр дүнтэй байгаа талаар албаны хүнээс тодруулсан юм.
Хязгаарлалт эхлэх хойд цэг нь 32-ын тойрог, урд цэг нь “Тэмээтэй хөшөө”, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ:
-Нийслэл хотын төв хэсгийн хөдөлгөөний ачаалал 40-50 хувиар буураад байна. Харин хөдөлгөөний хязгаарлалт эхэлж буй, улсын дугаарын ялгалт хийж буй цэгүүд дээр хөдөлгөөний ачаалал маш их байна. Иргэд мэдээлэл дутуу байна. Мөн өглөөний 08.00 цагаас өмнө ажил, албандаа амжна гэсэн бодолтой замын хөдөлгөөнд оролцсоноор ачаалал үүсгэж буй тохиолдол гарч байгаа. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хот тохижилт, авто зам засвар, зөөврийн усан хангамж, шугам сүлжээ зэрэг зайлшгүй ажиллах шаардлагатай тээврийн хэрэгслүүд энэ хязгаарлалтад орохгүй боловч ажилчид нь ажлын үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцож болно гэж бодоод байна. Зөвхөн байгууллагын нэр, логотой, таних тэмдэгтэй, тухайн байгууллага дээр бүртгэлтэй, эзэмшлийн автомашинууд л болно. Эдгээр байгууллагуудад ажилдаг ч хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцож болохгүй.
Есдүгээр сарын 1-нтэй холбоотой хүндрэл гардаг. Жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш ачаалал бий болдог. 2019 оны үед хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийн тоог тоолоход товчоодоор орон нутгийн дугаартай 91 мянган орчим нэвтэрч байсан аж. Энэ жил 100 мянга хүрэх байх гэсэн тооцоолол гарчээ.
Хөдөлгөөний ачаалал Улаанбаатарт энгийн өдөр 430 орчим мянга байдаг бол үүн дээр орон нутгийн 100 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр худалдаа үйлчилгээний төвүүдийн хөдөлгөөн огцом нэмэгддэг гэнэ.