МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш ажиллаж, олон ч удаа сайдын суудлаас татгалзсан Д.Амарбаясгалан энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог “сахихаар” орж ирэв. МАН-ын сүүлийн хоёр сонгууль дараалж сонгуульд ялалт байгуулахад түүний оролцоо их байсан ч Засгийн газар байгуулах, сайд томилох, аливаа албан тушаалд тэр хойно нь үлддэг байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроход ч түүнийг дараагийн Ерөнхий сайд болох уу гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөж байв. Өөрөөр сонгуульд нэр дэвшихгүй ч намынхаа сонгуулийг удирдаж, хоёр удаа ялалт байгуулсан гэдгээрээ тэр МАН-д том хүн.
Д.Амарбаясгалан Төрийн ордонд орохгүй ч Тусгаар тогтнолын ордноос эрх мэдлийн хуваарилалт, албан тушаалын томилгоонд хамгийн их оролцдог, шийддэг хүн нь байлаа. Хоёр ч удаа үнэмлэхүй олонх болж, Засгийн газраас бүрдүүлж байгаа МАН-ынхны хувьд хамгийн том хуваарилагч нь тэр байсан. 2024 оны сонгуульд түүнийг Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр тойргоо усалж эхэлсэн учраас түүнийг энэ удаагийн Засгийн газарт орж ажиллахгүй болов уу гэсэн таамаг байсан ч тэр энэ удаад Л.Оюун-Эрдэнэтэй хүчээ нэгтгэхээр танхимд нь орж ирэв.
Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Албан бус мэдээллээр МАН-ын генсект хэд хэдэн хүний нэрс яригдсан гэх. МАН-ын удирдлагын зүгээс Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргад томилж, түүнийг орлох хүнийг ч албан бусаар тохирсон гэх. Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын генсекийн албыг хавсран ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа намын генсектэй хавсран ажиллах боломжтой эсэхийг судалж эхэлжээ. Хэрэв боломжгүй гэж үзвэл түүний оронд өөр хүн томилох уу гэдэг асуудал яригдаж байгаа аж. Я.Содбаатарын хувьд өмнө нь МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
МАН-ын дүрмийн дагуу намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлаар чөлөөлж, томилдог.