Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахян тус улсын засгийн газар ОХУ-д дрон нийлүүлснийг өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр Тегеран хотод сэтгүүлчидтэй уулзахдаа “Украины дайн эхлэхээс хэдэн сарын өмнө бид цөөн тооны дроныг ОХУ-д нийлүүлж байсан” гэж хэлсэн байна.
Сүүлийн саруудад Оросын тал Иранд үйлдвэрлэсэн камиказе дроноор Украины иргэний байгууламжуудад цохилт өгч байгаа.
Ираны эрх баригчид дрон нийлүүлснээ үгүйсгэсээр байсан юм.
Дөнгөж энэ долоо хоногийн эхээр НҮБ-д суугаа Ираны элчин сайд Амир Сайед Иравани үүнийг ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэж нэрлээд Украины дайнд Тегеран төвийг сахисан байр суурьтай байгааг мэдэгдэж байжээ.
1979 онд АНУ-ын элчин сайдын яамны байрыг Исламын хувьсгалчид эзлэн авсан үйл явдлын ойд зориулсан цуглаан Баасан гарагт Тегеранд болоход оролцогчид нь тус улсад үйлдвэрлэсэн дроны зургийг “үндэсний бахархал” болгон барьж зогссон юм.
Хоссейн Амирабдоллахян хэдийгээр ОХУ-д дрон нийлүүлснээ хүлээн зөвшөөрсөн ч тэдгээрийг Украины дайнд ашиглах гэж байгааг Тегераны эрх баригчид мэдээгүйг өчигдөр хэлсэн байна.
Иран улс Украины дайныг зогсоохын төлөө тууштай байгааг тэр энэ үеэр илэрхийлжээ.
“Хэрвээ Оросууд манай нисгэгчгүй онгоцыг дайнд ашигласан гэх нотолгоо байгаа бол Украины тал үүнийгээ бидэнд өгөх хэрэгтэй. Энэ нь нотлогдвол бид асуудалд өөрөөр хандана” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press