Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн ч утаа арилсангүй. Ид галлагааны цагаар хот сааралтсан утаан мананд хучигдана. Агаарын бохирдлыг бууруулахаар төрийн албан хаагчид гэр хороололд “эргүүлд” гарч байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр эргүүл ч үгүй, хяналт ч үгүй болж эхэлж байна.
Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух байдаг. Харин гэр хорооллын 195 мянган айл стандарт болон стандарт бус нийтдээ таван төрлийн галлагааны зуух хэрэглэж байна.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул “Гэр хороололд агаарын бохирдол их байгаа нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас их шалтгаалж байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөснөөр галлагаа хийх яндангаа хөөлөх, уугиулахгүйгээр хурдан асаах зааврыг мөрдөх хэрэгтэй” гэж зөвлөж байв. Сүүлийн үед гэр хороололд утаа ихсэх шалтгаан нь буруу галлагаа, стандарт бус зуухнаас хамааралтай гэдгийг албаныхан тайлбарлаж буй.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний яамны саналаар түүхий нүүрс Улаанбаатарт түлэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг өөрчлөхөөр болжээ. Ингэснээр хотод байршилтай нам даралтын зуухууд түүхий нүүрс хэрэглэж эхлэх юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.
Харин эдгээр зуух байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон 62 дугаар тогтоолын дагуу нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд эрчим хүчний баяжуулсан нүүрс түлэхээр таарахгүй байна гээд Засгийн газрын тэмдэглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг өгсөн. Уг тогтоолд ямар өөрчлөлт оруулж болохоор байна, тэр судалгааг хийж танилцуулахаар болсон” гэдэг хариултыг өгсөн юм.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ надад ийм үүрэг өгөөгүй гэж үгүйсгэв. Тэрбээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүхий нүүрс түлэхийн эсрэг байна.
Нийслэлд байршилтай нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний баяжуулсан нүүрсний хангалтыг дийлэхгүй байгаа учраас түүхий нүүрс түлэх асуудлыг Эрчим хүчний яамнаас хэлж байсан.
Харин Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай огт яриагүй. Манай яамнаас энэ саналыг нь эсэргүүцсэн” гэв.
Хэрвээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон станцууд түүхий нүүрс хэрэглэж эхэлбэл агаарын бохирдол эрс нэмэгдэх нь тодорхой. Албаныхан хэчнээн үгүйсгэж байгаа ч ирэх өвлийг өнөтэй давахын тулд 62 дугаар тогтоолыг өөрчлөх нэрээр хүчингүй болгохоос өөр аргагүй байдал хүрч магадгүй.
Нийслэлийн гэр хорооллын утаа нэмэгдэж, утаанд агуулагдах хорт бодисын агууламж өндөр байгаа талаарх мэдээ иргэдийн санааг зовоож байна. Агаар бохирдуулагч бодисуудын нэг болох хүхрийн хүчлийн давхар ислийн (SO2) хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай юм. Иймд уг химийн бодис нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.