Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандал Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Смит болон Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон нартай уулзаж эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны боломжууд, тэр дундаа газрын тосны хайгуулын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд АМГТГ-ын дарга Л.Баярмандал Монгол улсын Засгийн газраас нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эрчимжүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байгааг онцлоод мөн алт, зэс, газрын ховор элементийн хайгуулд Австрали улстай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Кэйти Смит: Австрали улс 10 гаруй жилийн өмнөөс метан хийн салбарыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бий болгосон туршлагатай улс бөгөөд Австралийн хөрөнгө оруулалт бүхий 3 компани Монгол улсад энэ чиглэлд хөрөнгө оруулан амжилттай ажиллаж байгааг дурдаад цаашид энэ салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.