Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах ‘Болор цом’ яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо.
Харин 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн. Мөн 38 дахь удаагийн ‘Болор цом’ наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан бол ‘Болор цом-37’ наадамд яруу найрагч Б.Жамбалдорж ‘Жамын цас’ шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.
Энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд дараах яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм.