Үнэ биш нийлүүлэлт тогтвортой байх нь чухал болжээ!
Хүйтний эрч чангарч, гадаах хэм хасах 30 хүрэхтэй зэрэгцээд нийтийн тээвэр болон экспорт, импорт тэг зогсох эрсдэл нүүрлэлээ. Хэрэвзээ ОХУ-аас орж ирдэг дизель түлшний нийлүүлэлт нэмэгдэхгүй, байдал сайжрахгүй аваас Монголын эдийн засагт том цохилт болж мэдэхээр байгаа юм.
Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас бараг 100 хувь хараат. Нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас авдаг бол үлдсэн таван хувийг нь БНХАУ нийлүүлдэг. Хятадаас шатахуун нийлүүлэх боломжтой ч стандарт, тээвэрлэлтээсээ шалтгаалаад үнэ нь өндөр. Иймээс оросуудыг царайчлахаас өөр аргагүй байдалтай байгаа нь албаны хүний өгсөн ярианаас уншигдаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэвлэлийнхэнд мэдээлснээр Монголд дизель түлшний хомсдол үүсэх болсон нь ганц том шалтгаантай аж. Тэр нь Орос-Украины дайн. Дайнаас болж ОХУ-ын дизель түлшний хэрэглээ эрс өссөн байна. Монгол Улс Оросоос авдаг шатахууныхаа 60 хувийг нь “Роснефть”-ээс, үлдсэн 40 хувийг нь хувийн компаниудаас авдаг байсан аж. Гэтэл дайнаас болж, Мосвка хувийн компаниудын түлш борлуулах эрхийг нь хязгаарласан гэх. Тиймээс дизель түлшний хомсдолыг арилгах үүднээс хувийн хэвшлийнхний 40 хувийг нөхөхөөр Роснефть компанитай гэрээ хэлцэл хийж байна. Ирэх сараас эхлэн Роснефть 83 мянган тонн хангалт хийхээр гэрээ байгуулсан гэх үгээр салбарын сайд ам таглаж байна. Гэсэн хэдий ч энэ тайлбараас харвал түлшний тодорхой хэмжээний хомсдол хэвээр байх нь. Дээр нь өнгөрөгч Ням гаригт Ангарскийн үйлдвэрт гал гарсан нь гал дээр тос нэмж байна. Хэдийгээр үйлдвэрт нь биш туслах төхөөрөмжид гал гарсан гэж салбарын сайд “тайвшруулж” буй ч энэ нь мэдээж асуудалгүй, эрсдэлгүй гэсэн үг биш.
Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монголын төр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Тэр нь улстөрчдийн яриад байгаа “Роснефть”-д жижиглэнгийн худалдаагаа өгөх асуудал биш юм. Ингэвэл асуудал бүр хүндэрнэ.
2017 оноос Энэтхэгийн санхүүжилтээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох төлөвлөсөн хугацаа гурван жилийн дараа буюу 2025 он. Гэхдээ энэ бол яг товлосон хугацаа биш, экспорт, импортын саатал бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Нөгөөтэйгүүр газрын тос боловсруулах үйлдвэр баригдах хүртэл бид гарц, гаргалгаа олох ёстой.
Тэгэхээр энэ салбарт ч зах зээлийн зарчим үйлчлэхгүй бол улсаараа явгарч мэдэхээр байна. Учир нь, үнийг төрөөс барьснаар энэ салбарын асуудал шийдэгдсэнгүй, шийдэгдэхгүй юм байна. Шатахууны хомсдол монголчуудын байнгын толгой гашилгасан асуудал байсан, байсаар ч байна. Өөрөөр хэлбэл, төр олон жил аргалж ирсэн. Гэвч энэ удаад шатахууны тусгай зөвшөөрөл болон үнийг чөлөөлөх нь магад өнөөдөртөө “мэргэн санаа” байж болох юм. Үнэндээ үнэ тогтвортой байхаас илүү нийлүүлэлт тогтвортой байж гэмээнэ эдийн засагт учрах эрсдэл нь бага юм. Учир нь хомсдол удаан үргэлжилбэл нүүрсээ зарж, цалин тэтгэврээ тавьж чадахгүйгээс гадна өлсгөлөн ч нүүрлэж мэднэ.