Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүлэв.
Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ. Мөн боомтод үйл ажиллагаа явуулж буй албан хаагчид дасгал сургуулилалт зохион байгуулж улсын хилээр нэвтэрсэн ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн шинжилгээний бичгийг шалгах, биеийн байдлыг ажиглах, өвчтэй, сэжигтэй тохиолдол бүрт авах арга хэмжээ, бэлэн байдлыг шалгав.
Сургуулилалтын явцад гаргасан алдаа дутагдлуудыг газар дээр нь засуулж, албан хаагч нарт хувийн хамгаалах хувцас өмсөх, тайлах дараалал болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Энэ үеэр Цагааннуур боомтод ‘Тандалт судалгааны байр’ хүлээлгэн өгсөн бөгөөд тус байранд хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тээврийн хэрэгслийн жолооч нарын биеийн байдлыг ажиглах, халууныг хэмжих, тандалт судалгаа авах, гадаад паспорт болон техникийн паспортыг ариутгах үйл ажиллагааг явуулж байна. Тус байрыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүсэлтээр орон нутгийн санхүүжилтээр шийдвэрлэн хүлээлгэн өгчээ.