Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдсантай холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
2023 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажиллаж эхлэх аж.
Энэ талаар “Бид төрд шинэ уур амьсгал, шинэ өнгө төрх авчрахыг хичээж байна. Энэ хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг таван бүлэгт хуваан үзэж байгаа.
Тус газрын үндсэн чиг үүрэг нь үнэлгээ, мониторингийн үйл ажиллагааг явуулахад чиглэнэ. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний үнэлгээг гаргаж, чанарт илүү анхаардаг болно гэсэн үг. Энэ хүрээнд судалгааны ажлыг тогтмол хийнэ.
Мөн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг төрийн бүх түвшинд тавьдаг байя. Ингэхдээ ямар нөхцөл байдал, учир шалтгаанаас үүдэн энэ асуудал үүсэж буйг тогтоодог байя. Иргэд бүрэн мэдээлэлгүйгээс төртэй харилцах харилцаанд зарим хүндрэл үүсэж буй эсэхийг тандан судална. Ингэж судалснаар тодорхой хуулийн өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтраад өргөн барьж, зарим өөрчлөлтийг хийдэг болно” хэмээн хэлэв.