Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд БНСУ-ын Пусан хотын Ханнарэ соёлын сан, Пусаны кино ордон, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг 2024 оны гуравдугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан кино урлагаар дамжуулан Монгол орон, монгол соёл, ахуйг сурталчлах зорилгоор уг фестивалийг зохион байгуулж буй аж. Кино өдрүүдээр найруулагч Б.Амарсайханы “Монгол” УСК, найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК, найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” УСК, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны киног толилуулахаар төлөвлөсөн байна.