Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Математикийн шинжлэх ухааны хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи” тооны өдөр өнөөдөр тохиож байна.
Пи тооны өдрийг дэлхий даяар жил бүрийн энэ өдөр буюу 3 дугаар сарын 14-нд (пи тооны эхний гурван орон болох 3.14-ийг төлөөлж) тэмдэглэдэг. 2019 оны 11 дүгээр сард хуралдсан ЮНЕСКО-гийн хурлаар энэхүү өдрийг “Олон Улсын Математикийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.
“Пи” тогтмол нь 3.14-тэй тэнцдэг учраас гуравдугаар сарын 14-нийг Пи өдөр хэмээн дэлхий нийтээр тэмдэглэх болжээ.
1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд Пи тооны өдрийг анх тэмдэглэжээ. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан байна.
Пи тоо нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал математикийн тогтмолуудын нэг юм. Пи тоо нь тойрог, бөмбөрцөг, цилиндер, конус, эллипстэй холбоотой хамгийн өргөн хэрэглэгддэг. Хамгийн энгийн хэрэглээ нь дунд сургуульд тойргийн радиус, түүний тойргийнхоо урт, талбайтай ямар хамааралтай болохыг тайлбарлахад Пи тоог ашигладаг. Математикийн түүхийн туршид Пи-г өндөр нарийвчлалтай тодорхойлох гэсэн оролдлогууд хийж, тус шинжлэх ухаанд шинэ ойлголт, томьёонуудыг ч мөн бий болгосоор иржээ.
Пи тоо хэзээ ч дахин давтагддаггүй олон тоог өөртөө агуулдаг учир эдгээр тоо нэг талын эмх замбараатай боловч замбараагүй мэт онцлогийг агуулж, түүгээрээ ч нэг зүйл илэрхийлэх гэж буй мэт байдаг нь олны анхаарал татдаг аж.
Пи тооны өдрийг дэлхий дахинд математикчид ой санамжмийн чадвар шалгах оюун ухааны тэмцээн уралдаан зохион байгуулж, π тоог дүрсэлсэн бялуу идэж тэмдэглэдэг байна. Манай улсын хувьд 2012 онд ШУТИС-ийн эрдэмтэд Пи тооны өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилсан байна.
Пи тооны өдрийг тохиолдуулан энэ удаа МУИС-ийн ШУС-ийн Математикийн тэнхимийн их семинарыг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Семинарт Их Британийн Баттын их сургуулийн Математикийн тэнхимийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавих юм.