Тайландын нийслэл Бангкок хотод Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн болж өндөрлөлөө.
Манай улсаас тус тэмцээнд 12 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал Парисыг зорих тийзээ захиалав. Тэрбээр Олимпын эрхийн шийдвэрлэх тулаанд Венесуэлийн 10 удаагийн аварга Йохана Гомезыг буулган авсан юм. Үүнээс өмнө Япон, Канадын тамирчдыг илт давуугаар хожсон түүний хувьд Парисын Олимпын эрх авсан Монголын хоёр дахь боксчин болж байна.
Түүнээс өмнө Ханжоугийн Азийн наадмаас эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эрхээ өвөртлөөд байсан юм.
Тэгвэл эрэгтэйчүүд нэг ч эрхгүй хоцорлоо. Монголын эрэгтэй боксчдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ. Тэрбээр Олимпын эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанд дэлхийн аваргын хүрэл медальт АНУ-ын тамирчин Роскод ялагдсанаар монголчуудын сүүлчийн найдвар тасрав. Ийнхүү Монголын эрэгтэй боксчид 1972 оноос хойш 12 Олимп дараалан оролцсон буухиа Парист тасарч байна. Эрэгтэй боксчид Олипоос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байдаг.
Харин эмэгтэй боксын төрөл 2012 оны Лондоны олимпоос эхлэлтэй бөгөөд манай улсаас Токиогийн олимпод анх удаа эмэгтэй боксчин оролцсон билээ. Тэгвэл Парист хоёр тамирчнаа илгээж байна.