Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-10-ны өдөрт багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вэбсайтаар бүртгэж байгаа.
Тэгвэл өнөөдрөөс эхлээд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд өдөр бүр 16:00 цагаас хот хоорондын 15 автобусаар иргэдийг Улаанбаатар хотоос Ховд аймаг руу тээвэрлэнэ.
Одоогийн байдлаар Ховд аймагт ирэхээр нийт 3800 орчим иргэн бүртгүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Улмаар эдгээр иргэнийг орон нутаг руу тээвэрлэхдээ нэг тээврийн хэрэгсэлд 40 хүн зорчих байдлаар зохион байгуулалт хийжээ. Улаанбаатар хотоос ирж буй иргэд Дарви сумын хяналтын цэг дээр шинжилгээ өгч нэвтрэх юм. Тэгвэл Ховд аймгаас Улаанбаатар хот явах хүсэлтэй иргэдийн тоог хараахан гаргаагүй байна. Урьдчилсан байдлаар Улаанбаатар хот зорчих иргэдийн хүсэлтийг хүлээн авч, энэ оны 12 дугаар сарын 01-ний өглөө 10.00-11.00, өдөр 14:00-15:30 цагт Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд түргэвчилсэн тестийн шинжилгээнд хамруулж эхэлжээ. Одоогоор 150 гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авсан байна.