Монгол Улсын Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөжээ. Хамгийн сонирхолтой нь уралдааны тэргүүлэгчдийг Зэвсэгт хүчнийхэн эзэлж, шилдэг гэдгээ дахин баталсан байна.
Энэ удаагийн тэмцээнээр автомат цаг байрлуулж, шинэ залуу тамирчдад хувийн амжилтаа тогтоох, ахиулах, спортын цол, норматив биелүүлэх боломж олгосноороо онцлог байна.
Парис-2024 зуны олимпод оролцох эрхээ аваад байгаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Б.Мөнхзаяа 10.000 метр, 5000 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд 3 алтан медаль, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Г.Хишигсайхан 10.000 метр, 5000 метр зайд хос мөнгөн медалийн эзэн болжээ.
Мөн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Б.Сарангуа 1500 метр зайд мөнгө, эрэгтэйчүүдийн төрөлд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, ахлах ахлагч Ц.Бямбажав 5000 метрийн зайд алт, 10.000 метрийн зайд мөнгө, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ 5000 метрийн зайд хүрэл медаль тус тус хүртсэн байна.