БНУзбекистан улсын Уул уурхай, геологийн яам, Хөдөө аж ахуйн яам болон Цахим технологийн яамны албаны хүмүүсээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын баг Монгол Улсад 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирж ажиллалаа.
Энэ үеэр БНУзбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Бобир Фархадович Исламовоос Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч ярилцлага авлаа.
-Монгол Улс ба БНУзбекистан улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд уул уурхайн салбар ямар үүрэг гүйцэтгэх вэ. Тус салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ямар боломж бололцоотой гэж үзэж байна вэ?
-Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өнөөдөр маш үр дүнтэй яриа хэлэлцээ боллоо. Ашигт малтмалын салбарт геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах хэтийн ирээдүйг бид хэлэлцлээ. Зэс, уран болон алтны ордыг ашиглах асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байна. Ураны үйлдвэрлэл бол олон улсын зохицуулалт шаарддаг маш нарийн төвөгтэй салбар гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан тэмдэглэн хэлэхэд, Монголын нутаг дэвсгэрт олон жилийн туршид ураны хайгуулын ажил амжилттай явагдаж байгаа боловч ураны олборлолт, экспорт хийгдэхгүй хэвээр байна. Тэгэхээр найрамдалт хоёр улс энэхүү түүхий эдийн олон улсын зах зээлд гарахын тулд харилцан ашигтай байдлаар хэрхэн хамтран ажиллах талаар бид хэлэлцлээ.
Монгол Улс бол ашигт малтмалын асар их нөөц боломжтой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Танай улсын экспортын дийлэнх хувийг ашигт малтмал эзэлдэг учраас бид энэ тал дээр өөрсдийн тодорхой төсөл, технологийг ашиглан оролцох хүсэлтэй байгаа. Учир нь, уул уурхайн салбарт бид тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулсан билээ.
-Уг салбарт хамтран ажиллах шинэ тохиролцоонд хүрсэн үү?
-Бид саналуудаа нарийвчлан хэлэлцсэн бөгөөд цаашид байгуулж болох баримт бичгүүдийн талаар ярилцлаа. Бидэнтэй хамт уул уурхайн салбарын ажлын хэсгийнхэн төдийгүй Цахим хөгжлийн яам, Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид ирсэн байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн манай улсад удахгүй хийх төрийн айлчлалын үеэр бид үр өгөөжтэй хамтын ажиллагааны нийтлэг үндэслэлийг тодорхойлон хамтын ажиллагааны бүх чиглэлээр хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөөг боловсруулж байна.