Америкийн “UnitedHealthcare” даатгалын компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудан хөнөөхөд ашигласан галт зэвсэг, дуу намсгагчтай төстэй зүйлсийг биедээ авч явсан 26 настай этгээдийг цагдаа нар баривчилсан талаар Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Жессика Тиш даваа гарагт мэдэгджээ.
Сэжигтнийг Нью-Йорк хотоос баруун зүгт 375 км-ийн зайд орших Пенсильвани муж улсын Алтуна хотын цагдаа нар галт зэвсгийн хэргээр баривчилжээ. Түүнийг “UnitedHealthcare”-ийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан бидний хайж буй этгээд мөн гэж үзэж байна хэмээн Ж.Тиш хэлсэн байна. Дараа нь түүнийг галт зэвсэг биедээ авч явсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн болон бусад хэрэгт буруутгажээ.
Нью-Йоркийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч Жозеф Кеннигийн мэдээлснээр, цагдаа нар сэжигтнийг Мэриленд муж улсад төрж өссөн Луижи М болохыг тогтоосон бөгөөд тухайн этгээд хамгийн сүүлд Хавайн Хонолулуд амьдарч байжээ. Сэжигтний авч явсан галт зэвсэг нь 3D принтерээр хийсэн байж болзошгүй, 9 мм-ийн сумаар буудах чадалтай буу байсан бололтой гэж Ж.Кенни нэмж хэлсэн байна.
Луижи М-д мөн гэмт этгээдийн өмссөн байсантай төстэй хувцас, амны хаалт байснаас гадна халдлага гарахаас хэд хоногийн өмнө зэвсэгт этгээдийн Манхэттений буудалд ашигласан Нью-Жерсигийн хуурамч үнэмлэх зэрэг олон хуурамч бичиг баримт байжээ. Сэжигтэн мөн “өөрийн сэдэл, сэтгэлгээний талаар дурдсан” гар бичмэлийг авч явж байсан гэж Ж.Тиш хэлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, сэжигтэн Америкийн корпорацын талаар таагүй бодолтой явдаг байж магадгүйг уг бичиг харуулжээ.
“UnitedHealthcare”-ийн гүйцэтгэх захирал Б.Томпсоныг өнгөрсөн лхагва гаргийн өглөө Манхэттений зочид буудлын гадна байхад нь амны хаалт зүүсэн этгээд буудан хөнөөсөн байна. Мөрдөн байцаагчид зэвсэгт этгээдийг даатгалын компанийн талаар бухимдал тээж явдаг ажилтан эсвэл үйлчлүүлэгч байсан байж магадгүй гэж таамаглаж байна. Б.Томпсон 2021 оны дөрөвдүгээр сараас хойш “UnitedHealth Group”-ийн харьяа даатгалын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компанид нийт 20 гаруй жил ажилласан юм. Тэрбээр Нью-Йоркт компанийн жил тутмын хөрөнгө оруулагчдын хуралд оролцохоор ирээд байв.