АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Спортын төв ордон, Скай худалдааны төв, ХААИС гэсэн гурван цэг дээрээс шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан оюутнуудыг орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Тус гурван цэгийг оюутны дотуур байртай ойролцоо учир сонгосон. Уг ажил нэгдсэн зохион байгуулалттайгаар маргааш хүртэл үргэлжилнэ. Энэхүү 5,000 оюутан нь 21 аймагт зорчих юм. Оюутнуудыг сум руу зорчуулах асуудлыг тухайн аймгийн онцгой комисс шийднэ. Эдгээр оюутны шинжилгээг дотуур байранд нь авсан” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг БШУЯ-тай хамтран оюутнуудыг орон нутаг руу буцаах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Өнөөдрийн хувьд 7 их, дээд сургуулийн 22 дотуур байрны 2,700 орчим оюутныг 67 автобусаар, 21 аймаг руу буцаах ажил эхлээд байна.
Эдгээр оюутны шинжилгээг дотуур байранд нь авсан. 31 дотуур байрны нийт 7,839 оюутныг шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ ажил дууссан” гэлээ.
Түүнчлэн 16,476 оюутныг шинжилгээнд хамруулаад байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн юм.
Дотуур байрнаас гадуур амьдарч байгаа оюутнууд тусгай цэгүүдэд очиж, шинжилгээ өгч болно.