Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, удирдахуйн ухааны доктор(Ph.D) Б.Мягмартай ярилцлаа.
-Панпемик буюу цар тахлын үед Үйлдвэрчний эвлэл яаж ажиллах ёстой юм бэ?
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үндсэн үүрэг бол ажилтан ангийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах шүү дээ. Ажилтнууд ажлаа хийж байхад тэдний төлсөн татвараар цалинждаг үйлдвэрчний эвлэл орхигдсон, хөндөгдсөн эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажилтан, ажил олгогч хоёрын дунд гүүр болж ажиллах ёстой юм. Цар тахлын үед ажилтнуудын ажлыг байрыг хадгалж үлдэх, ажил олгогч эзэд зах зээлээ хамгаалахад МҮЭ хамтран оролцоно.
-Ямар арга замаар?
-Цар тахлын үед төрийн авч хэрэгжүүлэх олон арга замууд бий. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эргэн сэргэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс эхлээд төрөл бүрийн татварын хөнгөлөлтүүд, банкны зээлийг тодорхой хугацаагаар царцаах арга замууд бий. Энэ бүгдийг МҮЭ холбоо шахаж шаардаж гурван талт хэлэлцээрээ хийж байх ёстой.
-МҮЭХ яг ийм зарчмаар ажиллаж чадаж байгаа юу?
-Цар тахал Монгол Улсад тохиож байгаагүй учраас бүгд барьц алдсан тал бий. Эдийн засагчдын тооцоогоор 400 мянган ажлын байр цаашлаад сая ажлын байр эрсдэлд орно гэсэн судалгаа гарсан байна лээ. Эдгээр ажлын байрыг хадгалах, сэргээх ажилд нэн түрүүнд МҮЭХ орох ёстой учраас судалгаа авч байна. Зарим нэг аж ахуй нэгж цар тахлыг далимдуулан цомхотгол хийх, ажлын байраа хумих зэрэг арга хэмжээ авч байгаа нь зохисгүй юм. Эдийн засгаа сэргээхийн тулд аль болох ажлын байр гаргаж сэргээх хэрэгтэй гэж боддог.
-Өдөр тутмын орлогоороо амьдардаг иргэдийн амьдрал хүндэрлээ гэх мэдээлэл их байна. Та санал нийлэх үү?
-Дэлхийн олон орноос харж байхад эдийн засгаа нэн түрүүнд тавьсан юм билээ. Энэ арга хэмжээ нэг талаараа алдсан ч, оносон ч тал бий. Монгол Улсын Засгийн газар, Нийслэл хотоос гал алдчихгүйн тул сайжруулсан шахмал түлшээ 50 хувь хямдруулах, олон иргэдийг хүнсний талонд хамруулах, хүүхдийн мөнгийг 100 мянга болгох гэх мэтээр цаг хожих арга хэрэглэж байна. Цар тахлын үед эдийн засаг хумигдмал, орлого бага учраас ийм арга хэмжээг авсан гэдгийг ойлгож болно. Цаашдаа хөл хориог султгах замаар өдөр тутмын орлогоор амьжиргаагаа залгуулдаг иргэдээ хэвийн нөхцөл рүү нь оруулах хэрэгтэй. Нэн түрүүнд аж ахуйн нэгжийн хариуцлагын хүрээнд олон хүнийг ажлын байраар хангадаг үйлчилгээний газруудыг нээж болно. Жишээлбэл гар утасны лангуу байлаа гэхэд ээлж ээлжээр сөөлжүүлэн ажилуулах, оёдлын цехээр авч үзэхэд дөрвөн шугамтай байхад хоёр хоёроор нь гэх мэт. Агаар сэлгэлт сайтай, халдвар хамгааллын дэглэмийг барьж, амны хаалт тогтмол зүүдэг аж ахуйн газруудын үйл ажиллагааг нээхэд болохгүй гэх газаргүй юм.
-Та НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Нийслэлийн удирдлагын үйл ажиллагааны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хан-Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчийн хувьд иргэдийнхээ ажил байдлыг дэмжиж, Нийслэлээс гаргасан дүрэм журмыг ХУД маань сайн хэрэгжүүлж, үлгэр жишээ ажиллаж байна. Тухайлбал саяхан дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад төлөөлөгчдийнхөө хамтаар нийслэлд ирэх жилүүдэд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2021 оны төсөвт дүүргийнхээ иргэд, сонгогчдынхоо саналыг тусгалаа. Туслалцаа дэмжлэг шаардлагатай иргэддээ МУЗН, Нийслэл, Дүүргийн онцгой комиссын тусламжийн хүнс, түлш олгож, эрүүл мэнд, цагдаа зэрэг байгууллагууддаа цар тахлаас хамгаалах хэрэгсэл олгох гэхчлэн олон ажлуудыг бид амжуулаад байна. Нийслэл хотын удирдлагын хувьд хурдан шуурхай, цаг нартай уралдан, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.
-МЭМАҮЭХ-ны даргын хувиар тань асуухад эмч, эмнэлгийн ажилтнуудын байдал ямар байна вэ?
-Дэлхий нийтэд коронавирус цар тахал гарсан цагаас эхлэн эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал хэд дахин нэмэгдэж бүхий л нөөц бололцоо дайчлан ажилласан. Тэдний хүчин чармайлалтаар 10 сар коронавирусийг тогтоон барьсан. Нөгөө талаар олон улсын мэдээ, туршлагаас суралцах боломж бололцоог энэ 10 сар олгосон учраас цар тахалд сайн бэлдсэн. Орны хүрэлцээ, шинжилгээ багаж төхөөрөмжөө татаж чадсан нөөц төлөвлөгөөтэй цар тахалтай нүүр тулсан. Эрүүл мэндийн ажилтнууд маань памперс зүүгээд гэр орноо мартан “тулаанд” орсон гэхэд болно. Энэ байдлаа алдахгүй явахад сарын дараа гэхэд халдвар намжих болов уу. Зөөвөрлөгдөн орж ирдэг ОХУ, БНХАУ-ын иргэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад эхэлчихвэл экспортын халдвар үгүй болох юм. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хувиар энэ онд олон жил яригдсан эмч, ажилтнуудынхаа шөнийн нэмэгдэл олгох, үр дүнгийн урамшууллыг нэмэгдлүүлэх асуудлыг Эрүүл мэндийн яамтай хэлэлцэж олгож эхлүүлсэн дээ.
-Та маш олон удаа суулт, жагсаал зарласан “алдартай” нэгэн. Хийсэн тэмцлийн үр дүнгээсээ дурьдах уу?
-Төр засгийн эрх баригч, ажил олгогч нар үйлдвэрчний эвлэл зүгээр нэг бичиг явуулаад цалин нэмчихдэггүй юм. Тэд нар аргалах, хуурах, тойрч зугтаах гэж оролдоно. Эцсийн арга зам бол жагсаал, цуглаан, суулт, ажилт хаялт, олон нийтийн дэмжлэг юм. Түүнээс биш Мягмар жагсаал, цуглаан, суулт, ажил хаялтад дуртай даа биш шүү дээ. Харин эрх баригч, ажил олгогч эзэд гарцаагүй байдалд оруулж буланд шахахын тулд тэмцлийн төрөл бүрийн арга хэлбэрийг ашигладаг. Энэ бүгдийн үр дүнд салбарын ажилчдын цалинг хэлэлцээр байгуулсны үр дүнд 2010 онд 30 хувь, 2012 онд 53 хувиар цалин нэмэгдүүлж, 2013 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад мөнгөн урамшуулал, хэвийн бус нөхцлийн нэмэгдэл олгуулж явжээ. 2014 онд цалин 20 хувиар нэмэгдүүлэх 26,6 тэрбумын санхүүжилтыг шийдүүлсэн бол 2016 онд тэтгэврийн 36 сарын тэтгэмжийг хэвээр үлдээхээр тэмцсэн байдаг юм. 2017 онд сүрьеэгийн эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлж, нийт 8,1 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, 2018 онд сувилагч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх тэмцлийг хийсэн байдаг юм. 2018 онд цалингийн тогтолцоог шинэчлэх ажлыг ЗГ, Эрүүл мэндийн яам, Д.Сарангэрэл сайдтай хамтран цалин хөлсийг 53,7 хувиар нэмэгдүүлсэн. Зах зээлийн үнийн өсөлт бүрийг дагаад ажилтнуудын цалин хөлсийг нэмэх шаардлага бий болдог. Энэ мэт шалтгаанаас үүдээд талбай дээр суулт хийх, Төрийн ордон тойрон гороолох, эрүүл мэндийн салбарынхны төлөөх ажил бүхэн эрхээ хамгаалах гэсэн тэмцлийн хэлбэр гэдгийг ойлгоорой. Ер нь Үйлдвэрчний эвлэл зөвхөн цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг хөндөхөөс гадна хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гардан олон зөрчлийг арилгах, тэдний хуулийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө өргөн цар хүрээтэй, бодлоготойгоор ажилладаг байгууллага. Тухайлбал манай холбоо эрүүл мэндийн ажилтнууд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулах “Энэрэнгүй үйлстэн” хотхон барьж эхний ээлжийн байрыг ашиглалтанд өгч 105 эмнэлгийн ажилтан энэ онд дулаан орон гэртээ нүүж орох гэж байна. Цаашлаад засагчны морь усгүй гэдэг шиг эмнэлгийн ажилчдын эрүүл мэндэд анхаарах цаг болсон учраас бид тэдэнд зориулсан “сувилал” байгуулах асуудлыг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байгаа гээд олон ажлуудыг нэрлэж болно.
-Ирэх жилүүдэд ҮЭ-д хөдөлмөрчин түмний эрх ашгийг хамгаалах хүндхэн үүрэг ноогдох нь дээ?
-Цалин нэм гээд хэлэх амархан.Санхүүгийн ийм боломж бололцоо байна гэдгийг маш нарийн гаргалгаа төлөвлөгөөтэй байж эрх баригч нартай уулзах хэрэгтэй. Цаадуул чинь мэдээж хоосон “хэтэвч” харуулах хэдий ч хаанаас хэрхэн мөнгө босгох боломжтойг гаргаж, зайлшгүй шаардлага байгааг ойлгуулж, хамтарч ажиллаж байж амжилтад хүрнэ. МЭМАҮЭХ-ны тухайд цалингийн тогтолцоо, нийгмийн баталгааг хангахад нэлээдгүй өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Энэ бүхэн чамлалтай амжилт, үр дүн биш юм. Ирэх жилүүдэд ажил олгогч нар бизнесээ, ажилтан, албан хаагч нар ажлын байраа хадгалахын тулд хамтын “тэмцэл”-д орно. Гадаад зах зээл хурдан сэргэхийн хэрээр Монгол Улсын эдийн засаг тэлэх учраас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай. Тийм учраас МҮЭХ-ны хувьд цор ганц Монгол ажилтан гэлтгүй гадаадын ажилтан, албан хаагч нарын эрх ашгийг ч хамгаалах хэрэгтэй. 1921 онд Ардын хувьсгалтай зэрэгцэн Хүрээний цэргийн гар урчууд, арьс ширний заводын ажилтан, албан хаагчид Орос, Буриад, Хятад, Америк иргэд нийлэн “Олон ястны эвлэл” гэдгийг байгуулж байсан түүх бий. Тиймээс Үйлдвэрчний эвлэл олон улсын шинж чанартай өргөжин тэлж хөгжих хэрэгтэй болжээ.
-ЭМАҮЭХ ээлжит бус хурал зарласан байна. Энэ ямар учиртай хурал юм бэ?
– МЭМАҮЭХ ээлжит бус XI бага хурал энэ сарын 9-нд хуралдана. Хурал болох болсон шалтгаан нь холбооны дарга миний бие 2020 оны НИТХ-ын сонгуульд МонголАрдын намаас нэр дэвших шийдвэрийг гаргаж, Хан-Уул дүүргийн 18-р тойрог өрсөлдөн ялалт байгуулж, төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авсан. Иймд ҮЭ-ийн үндсэн зарчим, дүрмийг баримтлан сонгуульт ажлаа хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 11 жилийн хугацаанд төрийн аливаа шийдвэрийг гаднаас нь засаж сайжруулах гэж тэмцэж ирсэн. Харин ирэх жилүүдэд төрийн шийдвэр гаргах үйл явцад ажилчин ангийг төлөөлөн төрийн бодлого шийдвэрт дотроос оролцох шийдвэр гаргасан хэрэг л дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье