Ромын пап Францис зул сарын баярыг тохиолдлуулан үг хэлэх үеэрээ “COVID-19”-ийн вакциныг хүртээмжтэй байлгахыг улс орнуудад уриалаад, “дэлхий нийт ижил завин дээр байгаа” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Ромын пап ердийн үед Гэгээн Петрийн сүмийн тагтнаас олон арван мянган хүний өмнө үг хэлдэг бол энэ удаа коронавирусний цар тахлын улмаас уг үйл ажиллагааг цахимаар зохион байгуулсан байна.
“Экологийн хямрал нүүрлэж, цар тахлын улмаас эдийн засаг, нийгмийн тэнцвэргүй байдал улам дордож буй энэ цаг үед бид бие биенээ ах эгч шигээ хүлээн зөвшөөрөх нь илүү чухал юм” гэж Францис мэдэгджээ.
Мөн үндсэрхэг үзлийн хана хэрэм дэлхий нийтийн өмнө тулгараад буй хил хязгаарыг үл мэдэх сорилтыг даван туулахад ямар ч нэмэр болохгүй гэдгийг онцлон хэлсэн байна.
Ромын пап мөн Сири, Йемен, Ливи, Уулын Карабах, Өмнөд Судан, Нигери, Камерун, Ирак зэрэг мөргөлдөөнтэй бүс нутагт энх тайвныг цогцлоож, эвлэрэхийг уриалаад, олон хүүхэд дайны хөлд нэрвэгдэж байгааг цохон тэмдэглэжээ.