2020 он загварын салбарын хувьд маш хүнд гэдгээс ч хэцүү жил болж өнгөрч байна. Их дэлгүүрүүд хаагдаж, загварын агентлагууд тарж, үйлчлүүлэгчдийн эрэлт багасав. Улмаар салбарын цаашдын ирээдүй төсөөлөхөд тун бүрхэг боллоо. Хүн бүр хэцүү цаг үе хурдан дуусахыг мөрөөдөж байсан ч “Дайны хажуугаар дажин” гэж ялгаварлан гадуурхалтын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болохоо шахаж, Австралийн түймэр гурван тэрбум амьтан хороож, уур амьсгалын өөрчлөлт улам ноцтой хэмжээнд очиж байна. Ийм үед шинэ, чамин хувцасны хэрэгцээ өнгөрсөн үеийнх шиг чухал байхаа болих нь гарцаагүй.
Гэвч хүн төрөлхтөн тийм ч амар буугаад өгчихсөнгүй. Загвар зохион бүтээгчид хандлагаа өөрчлөн, 2020 оныг загварын салбар сүйрэх биш, шинээр сэргэн мандах боломж хэмээн үзэж, зарим мартагдашгүй үйл явдлуудыг зохион байгуулсан юм. Тэд бидэнд цахим тоглоом, шууд нэвтрүүлэг зэргээр дамжуулан загварын ертөнцтэй холбоотой байхыг, өөрсдөө шинэ, онцгой санаа олж, бүтээл хийхийг зааж, салбараа эрэлттэй хэвээр нь авч үлдэхийн тулд эрвийх дэрвийхээрээ хичээжээ. Энэ бүхнийг харин хүмүүс бүгд гэртээ аюулгүй суугаад дэлгэцээр л чухам харж байлаа. Энэ нь эргээд загвар хэмээгч нь чухам хэнд, юунд зориулагдсан зүйл вэ гэдгийг дахин сануулсан сонирхолтой, чухал туршилт болсон юм.
Хүнд хэцүү нөхцөл байдлыг үл харгалзан загварын ертөнц ингэж л өмнөхөөсөө илүү сайжирч байна. Бүгдэд хэрэгтэй байсан маш олон шинэ зүйл загварын ертөнцөд орж ирлээ. Тухайлбал, хүртээмжтэй, олон талт, байгальд ээлтэй гэдэг шалгуурууд хамгийн гол чухал шалгуур болжээ. Тиймээс 2021 ондоо өөдрөг, амжилттай алхан орохын тулд 2020 онд болсон хамгийн онцлууштай үйл явдлуудыг эргэн саная.
2020 оны Академийн шагнал гардуулах ёслол яг л эрт дээр үед болсон мэт санагдана
Хэн ч энэ жилийн Оскар сүүлийн том хэмжээний улаан хивсний ёслол болно гэж төсөөлөөгүй байлаа. Хэдий тийм ч тэрхүү ёслолын арга хэмжээ бүтэн жилийн турш дурсахад хангалттай гайхалтай дүр төрхүүдийг бидэнд харуулсан юм. Тухайлбал, Тимоти Чаламет, Билли Айлиш нарын холимог хүрэм, Жанелле Монэйн саатай Лаурен нөмрөг Академийн шагнал гардуулах ёслолын сор төрхүүд байв.
Амны хаалт бидний зайлшгүй шаардлагатай хэрэгсэл болов
Цар тахал эхэлснээс хойш та нар дээр үеийн кино гарах болгонд жүжигчдийг нь яагаад амны хаалт зүүгээгүй байгааг гайхдаг болж байна уу? Эрүүл мэндийн салбарынхан, эмч, эрдэмтдийн зөвлөснөөр, энэ онд амны хаалт бидний байнгын хэрэглээ болж, улмаар хамгаалах хэрэгсэл гэхээс илүү хамгийн чухал гоёл чимэглэлийн тоонд багтах боллоо. Эхэндээ хүмүүс ямар ч хамаагүй амны хаалт зүүцгээж байсан бол удалгүй бүгд л өмссөн хувцастайгаа тохируулан өнгө өнгийнхийг сонгон зүүх болжээ.
Загварын фирмүүд хамгаалалтын хувцас хэрэглэл үйлдвэрлэв
Цар тахлын эхэн үед хүн төрөлхтний бэлтгэл маш хангалтгүй байсан тул эмнэлгүүдэд хамгаалах хувцас хэрэгсэл, бээлий, халат, N95 амны хаалт үнэхээр хүрэлцээ муутай байлаа. Тиймдээ ч эмч, сувилагч нар эхэндээ нэг амны хаалтаа салж унатал нь дахин дахин зүүдэг байв. Тэр ч байтугай зарим эмч нар хамгаалах хувцасгүйн улмаас гялгар уут углан ажиллаж байгаа дүр төрх олны сэтгэлийг эмзэглүүлж байлаа. Түүнчлэн Нью-Йорк мужийн захирагч загварын фирмүүдээс тусламж хүсэхэд эхний ээлжинд Эми Тьеферман, Александра Бэйлис, Рейчел Ротенберг тэргүүтэй загварын аваргууд хамтарч 300 мянган хамгаалах хувцас бүтээн хандивласан нь цааш олон загварын фирм ижил зүйл хийхэд үлгэр жишээ болсон билээ.
Загварын шоунуудыг иргэд өөр өөрсдөө зохион байгуулж эхлэв
Цар тахлаас шалтгаалан энэ жил олон олон загварын шоу цуцлагдлаа. Тэдний дундаас Met Gala шоу цуцлагдсан нь загварт хайртай хүмүүсийн хувьд хүнд цохилт болжээ. Гэвч тэднийг хэн ч зогсоосонгүй. Vogue сэтгүүл инстаграм дээр #MetGala аян эхлүүлж, хүмүүсийг өнгөрсөн жилүүдийн шоуны гайхалтай дурсамжуудыг өөрсдийнхөөрөө бүтээхийг уриалсан юм.
Жорж Флойдын дурсгалыг хүн бүхэн хүндэтгэв
Жорж Флойд Миннеаполис хотын цагдаагийн өвдөг дор амьсгал хурааснаас хэдхэн хоногийн дараа загвар зохион бүтээгч Габрьел М.Гармон хар арьст эрчүүдийг өөртэй нь нэгдэн, хамгийн ганган хувцсаа өмсөж, эмгэнэл илэрхийлэхийг уриалжээ. Классик, өнгөлөг төрөл бүрийн ганган хувцастай эрчүүдийн тоо мянга давж, ихэнх нь “Хар арьстнууд амьдрах эрхтэй”, “Би амьсгалж чадахгүй байна”, “Бид дээрэмчид биш” гэх мэт уриа самбар барьцгаан жагсчээ. Гармон “Бид Жоржид хүндэтгэл үзүүлж, шударга бус нийгмээс болж амь үрэгдсэн бусад ах, эгч, дүү нараа санан дурсахаар цуглаж байна” хэмээн ярьжээ.
Цахим загварын шоунууд сэтгэлд хүрсэнгүй
Цахим орчинд загварын шоу хийхэд маш олон учир дутагдалтай зүйл гарч ирэв. Дэлгэцийн цаанаас загварын шоу харахад моделийн өмссөн даашинз суудлын чинь хажуугаар өнгөрөхдөө хэрхэн намирч байгаагаас эхлээд эргэн тойрны уур амьсгал зэргийг мэдрэх ямар ч боломжгүй байв. Иймд Жонатан Андерсон тэргүүтэй зарим загвар зохион бүтээгчид шинэ санааны эрэлд гарцгаав. Тэд Лоевийн 2021 оны хаврын коллекцид зориулж “Хайрцаг доторх шоу” хэмээх санаа олжээ. Улмаар үзэгчид шоу үзэж байхдаа урьдчилан хүлээн авсан хайрцаг дотроосоо уянгалаг хөгжимтэй пянзыг сонсонгоо загваруудын олон янзын зураг харж, хувцасны материалыг гараар барьж үзэх боломжтой болсон байна.
Лэйди Гага зай барих асуудлыг нүсэр хувцсаараа шийджээ
Энэ жилийн MTV Video Music Awards-ын зураг авалтыг Covid-19-ийн эрсдэл багатай байлгах үүднээс Нью-Йоркийн таван дүүрэг даяар гадаа зохион байгуулав. Энэ үеэр Леди Гагагийн хувцаслалт анх удаа зай барих асуудлыг хувцсаар шийдсэн түүх болж үлджээ. Тэрбээр нэг биш, хоёр биш, бүр есөн дүр төрх бэлдэж иржээ. Тэдгээр нь Ирис Ван Херпений хийсэн хувцаснууд байх бөгөөд тус бүрт зай барихын тулд янз бүрийн гайхалтай санаа хэрэгжүүлсэн аж. “Гага нийгэмд өөрийгөө хамгаалж, зай барих, амны хаалт зүүх зэргийн чухлыг харуулахыг хүсч байсан. Амны хаалт бол нэгэн хэвийн уйтгартай, амьсгал боогдуулдаг зүйл байх албагүй. Үүнийг бид хөгжилтэй, загварлаг байлгаж болно” гэж түүний стилист Никола Формичетти Vogue сэтгүүлийн Жанель Окводугад ярьжээ.
Камала Харрис дэд ерөнхийлөгчөөр сонгогдон, анх удаа олны өмнө үг хэлэхдээ цагаан өнгийг сонгов
Камала Харрисын загварын сонголтыг энэ сонгуулийн үеэр төдийлөн өргөн хэлэлцээгүй боловч бүгд л арваннэгдүгээр сарын 8-нд түүнийг ямар хувцас өмсөх бол хэмээн хүлээж байлаа. Тэрбээр дизайнер Уэс Гордоны бүтээсэн цагаан хослолыг өмсөж, үзэл бодол, байр сууриа тодоос тод харуулжээ. Цагаан өнгө, алтан шаргал болон нил ягаан өнгөний хослолууд нь 1900-аад оноос эхтэй эмэгтэйчүүдийн хүч чадлын бэлгэдэл юм. Жералдин Ферраро, Хиллари Клинтон нар сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагаан хослол сонгосон, хоёрдугаар сард эмэгтэй парламентын гишүүд Ардчилсан намын холбоон дээр ирэхдээ цагаан өнгөөр гоёж, сонгох эрх олж авсан эмэгтэйчүүдийн 100 жилийн ойг тэмдэглэжээ. Харрис “Өнөөдөр бид бүгд тэрхүү хүчирхэг эмэгтэйчүүдийн мөрөн дээр зогсож байна. Агуу зоригт эмэгтэйчүүдийн гавьяагаар энд зогсох болсны учир би цаашид тэдний тэмцэл, тууштай байдал, алсын харааг үргэлжлүүлэн түүчээлэх болно” хэмээн ярьсан юм.
Дуа Липагийн студи 2054 цахим тоглолтыг таван сая хүн үзэв
Хэзээ бид дахин тоглолтод явах вэ? Дахин амьд тоглолт үзтэл хичнээн ч хугацаа өнгөрч магадгүй. Гэхдээ ядаж л бид арвин туршлагатай нэвтрүүлэгчийн дамжуулж буй тоглолтыг дэргэдээс нь мэт мэдрэх боломжтой. Дуа Липагийн арваннэгдүгээр сард хийсэн Студи 2054 тоглолтыг таван сая гаруй хүн үзэж, цахим шууд дамжуулалтын дээд амжилтыг эвдсэн байна. Мөн Дуа Липагийн тайзны хувцаснуудын талаар их яриа гарч, тусдаа нэвтрүүлэг хүртэл бүтжээ. Түүний болор чимэглэлтэй, гараар оёсон Муглерын бариу хувцас онцгой дурсамж үлдээв.
Харри Стайлс Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны эр хүн болов
Харри Стайлсийн Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн зургууд цахим орчинд дуулиан тарив. Стайлс Gucci даашинз, Чопова Ловенагийн банзал, Харрис Ридийн банзал зэргийг өмсөн зургаа авахуулсан нь үзэгчдийг талцуулахад хүргэжээ. Тэрбээр Vogue сэтгүүлийн Хамиш Боулзд ярилцлага өгөхдөө ‘Хувцсаар тоглоход маш их баяр баясгалан мэдэрдэг. Үр дагаврыг нь би хэзээ ч чухалчилж бодож байгаагүй. Учир нь хувцсаар наадаж, зохицуулан өмсөх нь нөгөө талаасаа бүтээл туурвихтай л ижил зүйл. Үүнд ялангуяа хүйс ямар ч хамаагүй’ гэж хэлжээ.