Засгийн газрын өнөөдөр (2020.12.30)-ийн хуралдаанааас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Улсын онцгой комиссын дарга Я.СОДБААТАР:
-Засгийн газрын хуралдаанаас дараах гурван шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг нийслэлээс бусад орон нутагт 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлээс гадна зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Дахин халдвар бүртгэгдээгүй хоногийн тоог аваад үзвэл аймгууд халдварын голомтыг бүрэн таслан зогсоосон гэж үзэж байна. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд нэмж халдвар бүртгэгдээгүй 29, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 31, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 23, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 38, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 43, Дорновговь аймгийн Замын-Үүд суманд 15, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод халдвар гараагүй 7 хоносон. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой гэж үзсэн. Ерөнхийдөө 21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байна. Аймгууд дотроо хэвийн амьдралын хэв маягтаа шилжих боломжтой юм. Тиймээс аймгийн Онцгой комисс, Засаг дарга нар дотооддоо тодорхой шийдвэрүүд гаргана.
Хоёрдугаарт. 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор БНХАУ-тай хиллэлдэг хилийн авто замын боомтуудын зорчих хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 28-ны өдрөөс түр хязгаарлаж эхэлсэн. Үүнээс хойш үндсэндээ нэг жил болох гэж байна. Боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл зогсоогоод байсан. Энэ хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал сунгаж байна. Гэхдээ зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан ч өмнөх жишгийн дагуу тусгай үүргийн нислэг, ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
Гуравдугаарт. Дотоодын халдварын улмаас тусгаарлагдсан иргэд, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилчдын байр, хоолны зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон. Covid-19 дотоодод бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 179, 196, 198 болон өнөөдрийн тогтоол гээд нийт дөрвөн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгон, ариутгал халдваргүйтгэл хийх зэргээр цар тахлын халдварын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулаад байна. Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар баталсан.