25 жил хүлээгдэж буй “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орох, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр түлхэц болох юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг эхлүүлж, бүсийн Захирагчаар МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзулыг томилжээ.
Монгол Улсад чөлөөт бүс байгуулах анхны үзэл баримтлал 1995 онд гарсан. 2002 онд “Чөлөөт бүс байгуулах тухай хууль”-ийг баталж, 2015 онд шинэчлэн баталсан байдаг. Чөлөөт бүс ДНБ-ийг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой сектор бөгөөд манай улсын хувьд Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүд гэсэн гурван чөлөөт бүстэй, үүнээс Алтанбулагын чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтворжиж эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлсэн. Цагааннуур чөлөөт бүсийн хувьд, улсын хилээс 23 км-т буюу гүнд байрладгаараа онцлогтой, тус чөлөөт бүс нээгдвэл Казакстан улсаар дамжин Европын орнуудтай худалдаа хийх боломжтой болох юм.
Өнгөрсөн жилүүдэд “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажил удаашралтай явагдаж байсан бол одоо гацаанаас гарч саадгүй явагдах боллоо. “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажил эрчимжсэнээр БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх, Монгол Улсын гол үндсэн гарц болох, уламжлалт бус үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих, улс орон дахь ажилгүйдлийн түвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн шинэ ажлын байруудыг бий болгох юм.