‘Насны хишиг’ болон ‘Эхийн алда’” одонтой ээжүүдийн тэтгэмжийг 2 дугаар сарын 10-наас олгох талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс дээрх төрлийн тэтгэмжийг авдаг ахмад настан болон эхчүүдийг И-халамж цахим сайт руу орж арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлэхийг мэдэгдлээ.
Нийгмийн халамжийн систем 2020 оны 8 дугаар сараас цахимд шилжээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор халамжийн 6 төрлийн үйлчилгээ авдаг иргэд И-халамж цахим сайтад дансаа холбох шаардлага үүссэн юм. Иргэд дансаа үнэн зөв холбосноор халамжийн мөнгө дансанд нь бүрэн орно. Үүнд ‘Насны хиши’, Эхийн алда’” одонтой ээжүүдийн мөнгөн тусламж авдаг иргэд онцгой анхаарч, сар шинийн баяраас өмнө бүртгүүлэх шаардлагатайг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдэж байна.
Бүртгүүлэхийн тулд иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр ирэх албагүй, И халамж.мн сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргахад л болно гэдгийг мэдээлж байна. Иргэдийн данс холболтын ажлыг аймаг, орон нутагт Халамжийн хэлтсээр дамжуулан хийж байна. Ингэхдээ аймаг, сум, орон нутагт оршин суугаа иргэд утсаар холбогдох юм уу, өөрийн биеэр ирж бүртгүүлж болох нь.
Өнөөдрийн байдлаар ‘Насны хишиг’-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байна.