Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөөг цуцалж магадгүй гэж “Turquoise Hill Resources” компани Даваа гаригт /2021.01.11/ мэдэгджээ. Уг мэдээний дараа тус компанийн хувьцаа даруй 20 хувиар унасан байна.
“Turquoise Hill Resources” компани Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилтийг бүрдүүлэх хувилбаруудыг судалж зах зээлийн судалгаа хийснээ өнгөрсөн оны сүүлээр танилцуулсан. Компанийн мэдэгдэлд дурдсанаар, алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, алтны урьдчилсан худалдаа хийх, дунд хугацаатай үнэт цаас гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзжээ. Ингэвэл “Turquoise Hill Resources”-ийн бүрдүүлэх шаардлагатай гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн дүн буурна гэж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд олборлох алтаа одоо урьдчилаад зарна гэсэн үг юм.
Алт худалдах гэрээг Оюутолгойн ил уурхайгаас гаргаж буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлах бол, үнэт цаасыг хамгийн багадаа 10 жилийн хугацаатай байхаар тооцоолж байгаа аж. Ингэснээр Оюутолгойн хувь эзэмшигчдийн өөрийн хөрөнгийн өгөөж дэх өнөөгийн цэвэр үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэж “Turquoise Hill Resources” үзжээ.
Энэ мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 5.8 хувиар, Торонтогийн биржид 5.4 хувиар тус тус өсч, сүүлийн 52 долоо хоногийн оргил түвшинд хүрч байв. Харин маргааш нь Монгол Улсын Татварын ерөнхий газар Оюутолгой ХХК-ийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.долларын татварын акт тавьсан талаар мэдэгдэл гаргасан.
Гэтэл “Turquoise Hill Resources” компанийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Оюутолгой” ХХК бүх татвар, хураамжаа төлсөн гэдэг байр сууриа дахин илэрхийлээд Лондоны арбитрийн шүүхэд нэмж нэхэмжлэл гаргахаа мэдэгджээ.
Цаашид “Оюутолгой” ХХК нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Татварын багц хуулийн хүрээнд олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн тайланг гарган тайлагнах, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хувь хэмжээгээр татвараа үнэн зөв ногдуулан тайлагнаж, төлөх үүрэгтэй гэж ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар мэдэгдэлдээ онцолсон байв.
2019 оны долдугаар сард “Рио Тинто” анхны төслөө шинэчлэхээс өөр аргагүй болсон гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа 2020 оны наймдугаар сард гаргасан уурхайн шинэчилсэн төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн хэмжээ ойролцоогоор 25 сараар хоцорч, хөрөнгийн өртөг 1.5 тэрбум орчим доллараар нэмэгдэх тооцоо гарсан. Үүнээс дөрвөн сарын дараа “Рио Тинто” шинэчилсэн төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд өргөтгөлийн төслийн өртөг нь 6.75 тэрбум ам.доллар буюу төслийн анхны тооцоолсон зардал болох 5.3 тэрбум ам.доллараас 1.45 тэрбум ам.доллараар өссөн байв. Төслийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2022 оны аравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан юм.
Ингээд асуудал хүндэрсээр Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан. Монголын талаас Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засч сайжруулах тодорхой саналыг гаргасан юм. Мөн 2015 онд байгуудсан Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг Монголын тал “Рио Тинто” компанид мэдэгдэж байв.