НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ:
-Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар 1000 гаруй ТҮЦ нийслэлд байдаг. Үүнд 500 орчим байцаагч хяналт тавьж ажиллана. Нэмэлтээр нээгдэж буй байгууллагууд болон ТҮЦ-үүд тусгай нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллана. Их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийсний дараа үйл ажиллагаагаа нээнэ. Ингэхдээ хүн хоорондын зайг барьж, зөвхөн цонхоор үйлчилнэ. Иргэдийг бүртгэх QR кодоо уншуулж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж, бээлий өмсч, нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутам хэрэглэж, бэлэн мөнгө хэрэглэхгүй байх, пос машин ашиглана. Тухай бүрт халдваргүйтгэл хийж ажиллана. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 26 томоохон зах худалдааны төвд шалгалт хийхэд 56 зөрчил илэрсэн. Бид таван газарт хугацаатай үүрэг даалгавар өгсөн бол Хан-Уул дүүргийн “Ханталст” компанид нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан. Учир нь QR кодоо уншуулахгүй, гарын ариутгагч, ажлын байрны цэвэрлэгээ халдваргүйтгэл хийхгүй, хүн хоорондын бөөгнөрөл үүсгэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын мэдэгдэл, зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагааг баримтлахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна шүү.