ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 21-нд нийт 15546 сорьцод шинжилгээ хийхэд 8 хүнээс Сovid-19 илэрлээ. Найман хүний батлагдсан тохиолдлоос ХӨСҮТ-ийн нэг эмч, бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нийтдээ 1189 хүн хяналтанд байна. 4465 хоёр дахь хавьтлын хүмүүс байна. Хас банк, Худалдаа хөгжлийн банканд халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарласан. Хас банкны таван хүнийг тусгаарласан. Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын ажилчид хоёрдагч хавьтлаар тусгаарлагдсан. Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны голомт идэвхтэй байна. Баянзүрх дүүргийн ТҮК-той холбоотой голомт идэвхтэй байна. Нийслэлийн дүүргүүдээс халдвар тархах магадлал өндөр байна. Өчигдөр Сонгдо эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн.
Улаанбаатарт сүүлийн 24 цагт 8 хүнээс илэрсэн.
- Баянгол дүүрэг-2
- Сонгинохайрхан дүүрэг-4
- Чингэлтэй дүүрэг-1
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1584 болсон бол үүнээс 1097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 483 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 61, хөнгөн 413 эмчлүүлж байна.